Хөлбөмбөгийг “цусгүй дайн” хэмээн үзэх юм бол тэр дайны тэргүүн шугаманд хэн манлайлж байна вэ? Нэн ялангуяа буурал Европын хөлбөмбөгийн ертөнцийг хэн байлдан дагуулж, ямар багийн “тэргүүн эгнээнийнхэн” давамгайлж байна?
Та бүхэндээ энэхүү нийтлэлээрээ өнөө цагийн хөлбөмбөгийн өнгийг тодорхойлж буй “цусгүй дайны тэргүүн эгнээнийнхэн” буюу Европын топ клубүүдийн довтлогооны хослолуудыг онцлох гэж байна. Энэхүү жагсаалтыг гаргахдаа ямар нэгэн дараалалд оруулах гэж хичээгээгүй бөгөөд та бүхэн сэтгэгдэл бичих талбараар дамжуулан өөрсдийн саналаа бидэнтэй хуваалцаарай.
Халк & Александр Кэржаков /Зенит клуб/
Манай хойд хөрш ОХУ хөлбөмбөгийн арвин хөгжилтэй ард түмэн. Иймдээ ч тэд өнгөрсөн жилүүдэд дэлхийн топ түвшний тоглогчдыг клубтээ нэгтгэснээр чансаагаа улам нэмэгдүүлэх болсон. Оросын лигийн топ клубүүдийн нэг бол Зенит.

Лучиано Спалеттигээр удирдуулсан Зенит клуб өнгөрсөн улиралд лигийнхээ 2-р байрт орж, Аваргуудын лигийн хасагдах шатанд шалгараад байгаа нь эдгээр тоглогчидтой холбоотой. Халкийн төрөлхийн авъяас, Кэржаковын зүтгэлтэй, мэдрэмжтэй тоглолт гээд тэд магадгүй хамтдаа тийм ч өндөрлөгт гараагүй ч энэ жагсаалтанд нэрээ оруулах хангалттай гавъяатай довтлогчид.
Өнгөрсөн улиралд Халк гарааны бүрэлдэхүүнд дархлагдаж чадаагүй ч багтаа амин чухал хэрэгцээтэй олон гоолыг оруулсан. Мөн түүний хамтрагч Орос залуу Кэржаков ч мөн адил Зенит клубээ аваргуудын лигийн эрхээ хамгаалахад голлох үүрэг гүйцэтгэсэн. Хэдийгээр Зенит өвлийн наймааны цонхоор Колумбын залуу авьяастан Рондоныг багтаа элсүүлсэн ч Оросын шигшээгийн гарааны довтлогч А.Кержаков, Бразилд тодрох учиртай оддын нэг Халк нар ямар ч хамгаалагчдын зүрхийг үхүүлсэн хэвээр л байна.
Марио Балотелли & Робиньо /Милан клуб /
Саяхан дасгалжуулагч М.Аллегригаа халж АС Миланы төлөө нэгэн үе хүчин зүтгэж явсан Кларенс Зеедорфоор удирдуулж буй “тэргүүн эгнээг” Балотелли болон Робиньо нар бүрдүүлж байна.
Миланы довтлогоог мэдээж Итали довтлогч Марио Балотелли удирдан, багийнхаа нүүр царай болсоор энэ улиралд одоогийн байдлаар 10 гоолыг оруулаад байна. Түүний саяхан Сери А-ын тоглолтонд хийсэн гайхалтай гоолыг нь санаж байгаа биз дээ? Харин Робиньог Зеедорф дэд довтлогчийн байрлалд тоглуулан энэ улиралд гоолын тоо бага ч гоолын дамжуулалтын тоогоороо багаа тэргүүлж буй юм.

Миланы шинэ хэв маяг том эргэлт авчирч байна. Хонда, Рами, Таарабт зэрэг багтаа шинээр элсүүлсэн тоглогчид нь хурдан идээшиж, ашигтай тоглолтыг үзүүлж, багийн ноён нуруу болоод буй Кака ч туслах довтлогчийн үүргийг гүйцэтгэж буй нь Миланы хослолыг сайн дэмжиж байгаа билээ.
Миланд ирээдүй гэрэлтэй байна. Энэхүү амжилтанд ч Балотелли болон Робиньо гэсэн довтлогооны хослолын гүйцэтгэх үүрэг хэмжээлшгүй их байх биз ээ.
Диего Кошта & Давид Вилла /Атлетико Мадрид/
АНХААР!!! Испанийн болон Европын аваргуудын лигт шинэ давалгаа орж ирж байна. Улирлын эцэс гэхэд Ла Лигийн цом тэдний гарт ирэн, аваргуудын лигт ч топуудад “чөдөр тушаа” болж мэдэхээр байна. Тиймээ тэд бол Симеонегийн удирдлага дор буй Атлетико Мадрид юм.

Харин тэдний энэ том амжилтын түлхүүр юу вэ? Мэдээж хаалгач, хамгаалалалтын систем, тактик, дасгалжуулагч мөн. Гэхдээ нэг зүйлийг мартсан байна. Энэ бол Диего Кошта тэргүүтэй Атлетико Мадридын довтлогооны бүрэлдэхүүн билээ. Энэ улиралд оруулсан гоолоороо алдарт Кристиано Роналдотой эн зэрэгцэн, Испанийн шигшээд хүртэл дуудагдан, Фалкаогоос хойш өөрийн багаа алдрын оргил руу чирч буй Диего Коштагийн тоглолт, мөн Барсагаас ирсэн Давид Виллагийн багт үзүүлж буй нөлөө, гоолын тоо нь гайхалтай байгааг олон хүн тэмдэглэсээр байна.
Ли Лигт энэ улиралд 25 тоглолтонд 21 гоолыг, Аваргуудын лигт 4 тоглолтонд 5 гоолыг оруулаад байгаа эрхэм бол Диего Кошта. Хагас хамгаалалтыг бүрдүүлж буй Коке, Габи, Гарсиа зэрэг нь Кошта болон Вилла, Адриантай гайхалтай хослон, энэ багийн довтлогооны хослолыг ч тэр, багийнхаа амжилтыг ч тэр дэлхийд дахин тамгалж эхлээд байна.
Карлос Тевез & Фернандо Ллорьенте /Ювентус/
Сери А-г газар гэж үзвэл үүлэн дээгүүр нисэн хөөрч яваа баг бол Ювентус билээ. Тэд өдгөө 9 оноогоор лигтээ тасран тэргүүлэгчийн байраа хадгалж байна. Энэ улирлаас Ювентусын довтлогоонд шинэ арга барилыг авчирч, шинэ уур амьсгалыг Тевез болон Испани залуу Ллорьенте оруулж байгааг санацгаая.
Тевезийн хувьд ирснээсээ хойш Сери А-д 25 тоглолтонд оролцон 14 гоолыг оруулаад байгаа бол Ллорьенте 23 тоглолтонд 11 гоолыг тус тус оруулаад байгаа ажээ. 2 тоглогч ирэх зун Бразилд болох ДАШТ-д шигшээгийнхээ өрсөлдөөн ихтэй бүрэлдэхүүнд багтах магадлал өндөр байсаар л байна.

Тэд эсрэг багийн торгуулийн талбайд хамгийн их ойлголцон, нийт үндсэндээ 10 гоол дамжуулалтыг тэд өөр хоорондоо амжилттэй өгчээ. С.Жиовинко, М.Вучинич нарын топ довтлогчид гарааны эрхээ алдан, багаасаа явах талаар ярихад хүргэсний гол шалтгаан чухам энэ л хослол.
Ювентус клуб Аваргуудын лигээс хасагдсан ч тэдний Европын замнал дуусаагүй. Мөн Скудеттог хүртэх хамгийн өндөр магадлалтай багаар яах аргагүй Ювентус нэрлэгдэж буй юм.
Златан Ибрагимович & Эдинсон Кавани /ПСЖ/
Катар эздийн ивээлд багтаж, хэдхэн жилийн дотор багаа бүрэн шинэчлэн, Европын топ багуудын нэг баг болж чадсан ПСЖ-д олон одод бүрэлдсэн ч тэдний тэргүүн эгнээнд Шведийн "супермен" Златан Ибрагимович багтаж байгаа нь гарцаагүй. Түүний тансаг тоглолт, өөртөө итгэлтэй байдал, гоол оруулах нарийн мэдрэмжүүд нь үнэхээр өндөр түвшинд хүрч, дэлхийн өнөө цагийн хамгийн шилдгүүдийн нэгт тооцогдож байна.

Тэгвэл Европын олон топ багуудын сонирхлыг татаж байсан Уругвай довтлогч Э.Кавани түүн дээр нэмэгдсээр Парисын багийн довтолгооны шугам олон багийн атаархлыг төрүүлэм болсон юм. Уругвай довтлогчийн довтлогоог дуусгах чадвар, цуцалтгүй гүйлт болон өндөр техник нь Францын лигт хэт сайдаад байна уу гэмээр сэтгэгдэл төрүүлж байсныг хэлэхэд илүүдэхгүй байх.
Асар өндөр үнээр энэ багт ирсэн ч түүнийхээ хэргийг гаргаж буй энэ 2 довтлогч энэ улиралд 35 гоолыг лигтээ оруулаад байгаа бөгөөд З.Ибрагимович 22-ыг нь оруулж, 9 гоолын дамжуулалт өгөөд байна. Э.Кавани гэмтэл аваагүй бол энэ тоо улам нэмэгдэх байсан биз ээ.
Робин Ван Перси & Рүүни /Манчестер Юнайтед/
Хэдийгээр Мойесын удирдлага дор амжилт нь саарсан ч Робин Ван Перси болон Рүүни нар хамгийн нөлөөтэй “тэргүүн эгнээг” бүрдүлэгч хэвээрээ байна.
Тэд одоогийн байдлаар багийнхаа нийт хийсэн 43 гоолын талыг нь шахуу 21 гоолыг оруулаад байгаа нь яалт ч үгүй Европт тэргүүлэх хэмжээний үзүүлэлт болж байна. Рүүни мөн л гоол оруулахын сацуу 9 гоолын дамжуулалтыг өгөөд байгаа ба Ван Персигийн гоолын формонд ихээхэн нөлөөлж байгаа нь бидэнд илт.

Рүүнигийн универсаль тоглолт амжилтыг олж байна. Тэрээр торгуулийн талбайн гадна буюу талбайн төвд тоглож хагас хамгаалагчидтайгаа гайхалтай харилцан тоглож ашигтай дамжуулалтуудыг Ван Персид өгч байгаа аж. Энэ л хэв маяг үнэхээр Сер Алекс Фергюсоны чин хүсэл мөн билээ. Нэг талаар бид Мойест талархая.
Багийн амжилт нь эрс муудсан ч тэднийг жагсаалтаасаа хасч зүрхэлсэнгүй. Тэд бол Европын аюул таригч “тэргүүн эгнээнийнхэн” мөнөөс мөн.
Лионель Месси & Неймар /Барселона/
Энэ хослолыг анх бүрэлдэхэд дэлхий даяар шуугисан. 2 жилийн өмнөөс л Бразил “авъяасын уурхай” Неймарыг авах өрсөлдөөн Европын бүх л топ клубүүдийн дунд өрнөж, эцэст нь Каталоны нэр төр Барселона эгнээндээ нэгтгэснийг бүгд тодхон санаж байгаа. Харин Неймар Мессигийн хослол таны анх төсөөлж байсантай дүйцэж чадаж байна уу?

Мессигийн бэртлийн уршгаас болон уг хослолын эрч суларсан. Гэхдээ Неймар гоол цөөхөн оруулж байсан ч ашигтай дамжуулалтыг Шави, Иньеста нараас дутахааргүй амжилттай өгч, багийнхаа энэ улирлын амжилтанд онцгой хувь нэмэр оруулсаар байна. Тэрээр Аргентин маэстрогийн эзгүйд багаа манлайлан тоглож чадна гэдгээ хэд хэдэн тоглолтонд харуулаад амжсан. Месси ч гэмтлээсээ эргэн ирээд маш хурдан формдоо орж, топ класс тоглогч гэдгээ мэдрүүлээд байна. Урд шугамандаа Месси, Нэймар нарыг гаргасан байхад эмээхгүй хамгаалалттай баг байна гэж үү?
Неймар Месси нар нийтдээ энэ улиралд 21 гоолыг оруулаад байгаа ба 16 гоолын дамжуулалтыг бие биедээ өгсөн үзүүлэлтийг бид онцолж байна. Барсад ирсэн Бразил одууд бүгд дэлхийд нэрээ үүрд мөнхөлж, хөлбөмбөг сонирхогчдын мөнхийн баатар болсоор ирснийг бид мартах учиргүй.
К.Роналду, Г.Бэйл & К.Бензема /Реал Мадрид/
Анх энэ жагсаалтыг гаргаж байхдаа довтлогооны хослол гэдэг ойлголтдоо 2 тоглогчийг хамааруулж тооцож байсан ч сүүлийн жилүүдэд Испаний нийслэлд гаргаж буй хамгийн сэтгэл хөдөлгөм тоглолтын үндэс болсон эдгээр 3 тоглогчдыг орхиж зүрхэлсэнгүй. Тэд бол дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Криштиану Роналду, дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Гарет Бэйл болон Францын шилдэг довтлогч Карим Бензема нар билээ.

Өнгөрсөн улирлын турш гоолын форм гайхалтай байсан Роналдугийн тоглолтыг дэлхий нийт үнэлж дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг олгосон нь санаандгүй хэрэг биш байлаа. Түүний гоцлон тоглолт, тоглолтыг шийдэх чадвар, манлайлал гээд бүхий л шинжүүд нь улам төгс болсоор л байна. Гарет Бэйл 100 саяар үнэлэгдэн Мадридад ирэхэд олон хүн эргэлзэж байсан нь үнэн. Гэхдээ тэр шинэ хот, шинэ баг, шинэ уур амьсгал, шинэ соёл, шинэ дарамтыг даван гарч, өдгөө тоглолтоос тоглолтонд сайжирч, багтаа дасан зохицож чадсаар л байна. Шигшээдээ дараалсан тоглолтуудад гоол оруулж чадалгүй, клубтээ ч төдийлэн сайн тоглож чадахгүй байсан Карим Бензема анх гарч ирж байхдаа үнэлэгдэж байсан тэр хүлээлтэнд одоо л хүрч байна уу гэлтэй тоглож байна. Торгуулийн талбай дахь итгэлтэй тоглолт, довтлогоо дуусгах чадвар нь улам нэмэгдсээр л.
Энэ 3 тоглогч багийнхаа Ла Лигад оруулсан 73 гоолын 48-ыг нь оруулснаас Роналду 23-ыг нь хийж, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа. Аваргуудын лигт ч Шалькег бут ниргэсэн тоглолтыг шийдсэн энэ 3 тоглогч багийнхаа 26 гоолын 19-ийг нь оруулаад байгаа юм. Магадгүй Реал Мадрид энэ жил удаан хүлээсэн 10 дахь Европын цомоо авах ч юм бил үү? Энэ 3 тоглогчоос их зүйл хамаарна даа.
Сэрхио Агуэро & Альваро Нэгрэдо /Манчестер Сити/
Пеллегрини Английн Премьер лигт ирсэн даруйдаа цом хүртэл хүртэн, гоолын бороогоор Английг хучиж, цомын төлөө хүчтэй өрсөлдөж байгаа билээ. Үүний гол шалтгаан бол түүний “тэргүүн эгнээнийнхэн”.

Тэдний довтлогооны амжилтыг дан ганц дээрх дурдсан 2 тоглогчоор хязгаарлаж болохгүй. Жеко, Йоветич зэрэг довтлогдоос гадна Яаяа Туре, Насри зэрэг хагас хамгаалалтын “баатрууд” Англид гоолын бороог оруулсаар байгаа юм. Мэдээж Англид ирсэн эхний жилдээ бахдам тоглолтыг үзүүлж буй Нэгрэдо, мөн Марадонагийн хүргэн Агуэро нарын хослол Манчестер хотын цэнхрээр будах дөхөөд байна уу гэлтэй.
Уг хослол энэ улиралд нийт 24 гоолыг оруулж, мөн өөр хоорондоо 9 гоолын дамжуулалтыг харилцан хийжээ. Агуэрогийн бэртэл хослолын эрчийг бууруулсан ч нөөц ихтэй Сити “өвдөг сөхрөөгүй” юм.
Даниел Старриж & Луйс Суарез /Ливерпүүл/
Эрчтэй, хурдтай, тэмцэлтэй хамтрагчид. Энэ тодорхойлолтууд чухам нэг багийн довтлогооны хослолыг бүрэн илэрхийлж чадна. Тэд бол Ливерпүүлийн энэ улирлын “рененсанс”-ын эзэд болох Старридж болон Суарез нар билээ.

Брэндан Рожерсын баримтлаж буй 4-3-3 тактик гайхалтай зохицон ихэвчлэн төвийн довтлогоонд эдгээр 2 тоглогч зэрэгцэн тоглож буй нь амжилтыг авчирчээ. Суарез болон Старридж нар энэ улиралд нийт 41 гоолыг оруулаад байгаа ба хоорондоо 14 гоолын дамжуулалтыг өгч, энэ улиралд Европт хамгийн ашигтай, үзүүлэлт өндөртэй тоглолтыг үзүүлж буй юм аа.
Мөн тэд олон олон рекорд амжилтуудын эзэд болоод байна. Суарез саяхан хамгийн богино сард 20 гоол оруулсан амжилт, мөн Старридж лигийн 8 тоглолт дараалж гоолдсон гэсэн рекордуудыг шинэчлэн тогтоожээ. Өдгөө Ливерпүүл клуб Премьер лигтээ ч хүчтэй өрсөлдөн цомын төлөө шаргуу хөөцөлдөж байгаа нь энэ 2 довтлогчтой салшгүй холбоотой.
Танд энэхүү жагсаалт дээр нэмэх ямар хослол байна? Өөрийн дэмждэг багийн, эсвэл орох ёстой гэж бодсон хослолуудаа бидэнтэй хуваалцаарай.
Энэхүү нийтлэлийг бичсэн Б.Амарбат нь CSPORTS.mn сайтад сүүлийн 3 жилийн хугацаанд мэдээ, нийтлэл бичиж байгаа ур чадвар нь өдрөөс өдөрт нэмэгдэж буй залуу нийтлэлч билээ. Тэрээр өдгөө МУИС-ийн ХЗС-д суралцдаг бөгөөд Манчестер Юнайтед клубыг дэмждэг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!