Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Арсеналын үе удахгүй ирнэ

CSPORTS team
2014 оны 2 сарын 28
iKon.MN
Арсеналын үе удахгүй ирнэ

Ялагдашгүй... (Invincibles) Энэ нэрийг өөртөө авсан хоёрхон байдгийн нэг нь Английн Лондон хотын Арсенал клуб билээ...

Нэгэн үе “уйтгартай” тоглолттой гэгдэж байсан Их буучдын хамгийн амжилттай үе нь Франц мэргэжилтэн Арсене Венгер Лондонд ирэх болсон үеэс яригдана.

Тэд 2003-2004 оны улиралд Премьер лиг хэмээн нэрлэгдэх Их Британийн хөлбөмбөгийн дээд лигт нэг ч ялагдалгүй түрүүлж улмаар хожигдол амсалгүй явсаар Фергусоны Манчестер Юнайтед-д 50 дахь тоглолтондоо хожигдон гайхамшигт цувралаа зогсоож байсан юм.

 “Ялагдашгүй” Арсеналын гарааны бүрэлдхүүнд 8 өөр улсын тоглогчид тоглодог байжээ.

Тэгвэл Английн түүхэн дэх хамгийн сайн довтолгоотой, хамгийн үзүүштэй тоглолттой, ялагдашгүй гэгдэж байсан Арсеналын бүрэлдхүүнийг сонирхоцгооё.
 
Хаалгачаар Иенс Ленманн (Герман), Хамгаалагчаар Эшли Коул (Англи), Сол Кэмпбэл (Англи), Коло Туре (Зааны ясан эрэг), Лаурен (Камерун), Хагас хамгаалагчаар Жилберта Силва (Бразил), Патрик Виера (Франц), Фредрик Юнберг (Швед), Роберт Пирес (Франц), довтлогчоор Деннис Бергкамп (Голланд), Тьерри Анри (Франц) нар тоглож байжээ. Та анзаарсан бол “Ялагдашгүй” Арсеналын гарааны бүрэлдхүүнд 8 өөр улсын тоглогчид тоглодог байжээ. Гэтэл тэдний зөвхөн 2 нь л Англи тоглогч... Нэмж хэлэхэд Арсенал бол Англи хөлбөмбөгийн клуб.
 
Сэдвээсээ жаахан хазайгаад олон жил тогтвортой амжилттай (цомтой) тоглосон Английн клубуудыг сонирхоцгооё... 

Манчестер Юнайтед. Сүүлийн 30 жил тогтвортой амжилт үзүүлэн, цомгүй жилийг бараг үдэж үзээгүй баг. Тэдэнд Гэри Невилл, Рео Фердинанд, Пол Скоулс, Рой Кин (Ирланд – Их Британи), Раин Гиггс зэрэг үе үеийн шилдгүүд байснаас гадна эдүгээ Уэйн Рүүни, Майкл Кэррик зэрэг Англи тоглогчид бий.

Миний хэлэх гээд байгаа зүйл гэвэл Английн Лигийн Англи багт олон жил тогтвортой тоглосон, багийн сэтгэлзүйг авч явах АНГЛИ тоглогч байх хэрэгтэй. Тийм тоглогчид Манчестер Юнайтедэд хангалттай байсан...

Аваргуудын Лигт түрүүлсэн цор ганц Лондонгийн баг Челси. Тэдний амжилт Оросын тэрбумтан Абрамовичийн мэдэлд очсон цагаас жинхэнэ утгаараа эхэлсэн гэдэгтэй хэн ч маргахгүй.
Гэвч олон олон дасгалжуулагчийн гарыг дамжсан ч өндөр амжилт гаргаж чаддаг тэдэнд хөдлөшгүй Англи тоглогчид болох Эшли Коул, Жон Терри болон Франк Лампард нар бий. 

Ялгуусан түүхт Ливерпүүл. Тэд Английн хөлбөмбөгийн дээд лигийг Премьер Лиг нэртэй болсноос хойш түрүүлж чадаагүй байгаа ч Аваргуудын лиг, Английн Хөлбөмбөгийн Холбооны цомоос эхлээд олон цомыг хүртэж чаджээ. Сүүлийн хэдэн жил сэргэх гэж оролдож байгаа ч Премьер Лигийн ТОМ багуудын тоонд үргэлж тооцогдсоор ирсэн.

2001 оны Лигийн цом, Английн Хөлбөмбөгийн Холбооны цом, УЕФА-гийн цом болон Европын супер цомуудыг нэгэн зэрэг хүртэхэд тэдэнд “Алтан жаал” хочит Англи тоглогч Майкл Оуэн байсан юм. Үүнээс гадна Улаануудад Жимми Каррагер болон амьд домог Стивен Жерард олон жил амжилттай тоглосон. Уналтанд орсон Ливерпүүлийг олон жил тогтвортой тоглоход эдгээр Англи тоглогчид багийн сэтгэлзүйг өндөр түвшинд авч явсан гэхэд хилсдэхгүй. Ядаж л Арсеналын хажууд 2-хон жилийн өмнө цом хүртсэн шүү дээ...
 
Одоо эргээд нийтлэлийн эхлэл хэсэг рүүгээ очицгооё. Сүүлийн 9 жил цомгүй яваа АЗГҮЙ баг. Тэдэнд дэлхийн топ түвшний тоглогчид байсан ч Анри, Пирес, Бергкампын дараачаас жинхэнэ уналтын үе эхэлсэн гэж хэлж болно. Сүүлийн хэдэн жилд л гэхэд Самир Насри (Франц), Гаел Клиши (Франц) нар Манчестер Сити рүү, Цеск Фабрегас (Испани), Алекс Сонг (Камерун) нар Барселона руу, Робин Ван Перси (Голланд) Манчестер Юнайтед руу явсныг бид мэдэж байгаа. Тэднээс цом аваагүй тоглогчид байна уу? Гэтэл Арсеналын цомгүй цуврал үргэлжилсээр... Фабрегас Англи хүн биш учир өөрийн төрөлх клубтээ тоглохыг, Ван Перси дэлхийн хамгийн шилдэг тоглогчдын нэг хэрнээ цом авахыг л бодно шүү дээ. Персигийн нүүдлийг Тоттигийн (Итали) Ромад үнэнч байсантай харьцуулж бодох хэрэггүй.

Анригийн үе гэж нэрлэгддэг Арсеналын хамгийн амжилттай байсан жилүүдэд тоглож байсан Англи тоглогчид болох Эшли Коул Моуриньогийн Челси рүү, Сол Кампбелл нь хөгширч байсан тул Портсмоут руу “зарагдсан”. Тэдэнд Англи-д багийн сэтгэлзүйг аваад явчих АНГЛИ тоглогч үнэндээ байгаагүй. Үүнийг л мэдэрсэн үү гэмээр Франц мэргэжилтэн Арсене Венгер маань Тео Уолкотт, Киеран Гиббс, Женкинсон залгуулаад Жек Вилшер, Алекс Окслайд-Чамберлэйн нарын АНГЛИ шинэ үеийг гаргаж ирсэн. Тэд залуу байна... Магадгүй нэг, эсвэл хоёр жилийн дараа гялалзах, Английн шигшээгийн шилдэг залуус Арсеналын бүрэлдхүүнд байна... ТУН УДАХГҮЙ тэдний үе ирэх болно.

Легионеруудын баг биш, жинхэнэ Англи сэтгэлгээтэй, жинхэнэ Англи сэтгэлзүйгээр бусдыгаа зоригжуулж, үнэмшүүлж, багтаа үнэнч байх чанарыг харуулж чаддаг лидерүүд бүхий Арсенал клуб бүрэлдэн бий болж байна. Ямар ч багт уналт, сэргэлтийн үе гэж бий. Их буучдын хувьд сэргэлтийн үе эхэлж байна... 

АРСЕНАЛЫН ҮЕ УДАХГҮЙ ИРНЭ...

Энэхүү нийтлэлийг бичсэн Н.Мөнх-Эрдэнэ нь CSPORTS.mn сайтад 2011 оноос хойш мэдээ, нийтлэл бичиж байгаа бөгөөд Английн Премьер лигийн талаар мэдээллийг голчлон хүргэж, уншигчдын талархлыг хүлээсэн нийтлэлч юм. ЭМШУИС-д харьяалагддаг, Арсенал клубын хөгжөөн дэмжигч.