
Барселона клуб Л.Месси болон Д.Альвеш нарын оруулсан гоолын дараагаар хүчтэй өрсөлдөгч Манчестер Ситиг талбайд нь 2:0-ээр буулгаж аван, дараагийн шатанд шалгарах маш давуу талыг бүрдүүлж чадлаа.
Испанид маш амжилттай ажиллаж, Малага, Вильяреал клубүүдийг Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгаруулж байсан Чили мэргэжилтэн М.Пеллегрини гарааны бүрэлдэхүүндээ Х.Навас, Д.Сильва, А.Негредо гэсэн гурван Испани тоглогчийг гаргасан байлаа. Тэрчлэн өмнө нь Барсад харьяалагдаж байсан Я.Туре саяхан Бразилийн шигшээд дуудагдсан Фернандиньо нар төвийн шугамд дэлхийн шилдэг хагас хамгаалалтын хослол Шави-Бускетс-Фабрегас нарыг зогсоох үүрэгтэй зогсож байв. Гэмтлийн улмаас тоглолтыг өнжиж магадгүй гэгдэж байсан Х.Машерано төвийн хамгаалалтанд Пикегийн хамтаар гарсан бол Сити жигүүрийн хагас хамгаалалтанд үндсэн байрлал нь хамгаалагч А.Коларовыг гаргасан нь сонирхол татаж байлаа.
ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ ҮЗНЭ ҮҮ.

Тоглолтын эхнээс Эттихад цэнгэлдэхэд цугларсан олон өөрийн багийг уухайлан дэмжиж, баг нь ч хэд хэдэн сайн боломжийг гаргаж байлаа. Чухам энэ цэнгэлдэхдээ хийсэн Аваргуудын лигийн 3 тоглолтонд 5 гоолыг оруулаад буй А.Негредо тун идэвхтэй байсныг онцлох хэрэгтэй. 1-р үеийн төгсгөлд В.Вальдес чөлөөт цохилтоос ирсэн бөмбөгийг хамгаалах гэж оролдсон нь бүтэлгүйтэж, хаалганы өмнө тоглогчид бөмбөгний төлөө тэмцэлдэн бужигналдсан нь эхний үеийн онцлох үйл явдал байв.
Барсагаас 2-р үеийг Барса илүү санаачлагатай эхлүүлсэн гэж хэлж болно. Өмнөх 45 минутанд бөмбөгийг илүүтэй эзэмшиж байсан ч хаалгачийг шалгаж амжаагүй тэд Ситигийн хамгаалалтын анхаарал суларсныг ашиглан торгуулийн цохилт цохих эрхтэй болсон.
Аргентин тоглогч хаалгачийн эсрэг ганцаар гарсан ч нутаг нэгт хамгаалагч М.Демичелис нь торгуулийн талбайд алдаа хийн зогсоосон.
А.Иньеста төвийн хамгаалагчдаас сугарч гарсан Л.Мессид уралдуулсан дамжуулалтыг өгөн, улмаар Аргентин тоглогч хаалгачийн эсрэг ганцаар гарсан ч нутаг нэгт хамгаалагч М.Демичелис нь торгуулийн талбайд алдаа хийн зогсоосон юм. Шүүгч үүнийг нь өршөөсөнгүй, шууд торгуулийн цохилт зааснаас гадна улаан хуудас өгч, Демичелисийг талбайгаас хөөлөө. Чухам энэ шийдвэр энэ тоглолтыг эргүүлсэн гэж хэлж болно.

Ийнхүү Л.Месси торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж тооны харьцааг нээсэн. Үүнээс хойш хүний илүүтэй болсон Барселона илт давуу тоглолтыг үзүүлж, тики-така тактикаа бүрэн хэрэгжүүлэн, тоглолтыг хянаж байлаа. Хэдийгээр Пеллегрини талбайд Э.Жеко, С.Насри нарыг гаргаж ирсэн ч Д.Сильвагийн уран цохилтыг В.Валдес хааснаас илүү зүйлийг Сити хийж чадсангүй. Улмаар тоглолтын төгсгөлийн мөчид магадгүй энэ цувралыг шийдэх ч учиртай байж болох чухал гоолыг Д.Альвеш оруулж, эцсийн цэгийг тавив.
ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ ҮЗНЭ ҮҮ.

ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ ҮЗНЭ ҮҮ.

Барселона ийнхүү Ноу Кампдаа 2 гоолын давуутай буцахаар болж байна. Тэд 7 дахь жилдээ дараалан Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарахад ойрхон байна. Харин анх удаа хасагдах шатанд шалгарсан Манчестер Сити хүндхэн даалгавартай Испанийг зорих нь. Сити 0, Барса 2.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!