
Нийтлэлч Зол-Эрдэнэ миний хувьд Сери А лигийг анхны жилдээ тайлбарлаж байна. Өмнө нь Английн Премьер лигийг 3 жил тайлбарлаж байсан туршлагатай учир, Англи хөлбөмбөг, Барклэйсийн зохион байгуулалтыг тодорхой хэмжээнд мэднэ.
Харин энэ жилээс эхлэн Сери А лиг тайлбарлах явцдаа яагаад Европын топ лигүүдээс хөгжил удаантай байгааг сонирхох болсон юм. Ингээд тэрхүү бодлоо хэдэн шалтгааны хамтаар сийрүүлье.

Оршил
“Бага дэлхийн аварга” гэдэг нэрийг Италийн Сери А лиг зүгээр ч нэг аваагүй биз. Хамгаалалт, довтолгоо, тоглолтын арга барил, шилдэг тоглогчид гээд бүх талаас дэлхийг байлдан дагуулж байсан үед энэхүү цолыг Сери А лигт өгч байсан. Тухайн үеийн тоглогчийн мөрөөдөл бол Италид тоглох байлаа.
Гэвч цаг үе, хөлбөмбөгийн хөгжлийн хандлага, үзэгчдийн хөлбөмбөгийг үнэлэх үнэлэмж, мэдээж улсуудын лигийн хөгжлийн өрсөлдөөнөөс шалтгаалан “Бага дэлхийн аварга” гэдэг нэр түүх болон үлдэж.
Одоо ч гэсэн Сери А лиг жил ирэх бүр Англи, Герман, Испаний лигүүдээс тоглолтын чанараар хол хоцорч, лигийн чансаагаараа бусад лигүүдэд гүйцэгдэх /УЕФА-гийн коеффицэнтоор Португал, Францын лигүүдтэй оноогоор ойрхон ирсэн/ дөхөөд байна.
Энэ бүхний шалтгааныг өөрийн өнцгөөс дараах шалтгаануудаар тайлбарлаж байна. Гэхдээ доорх шалтгаануудыг дурдахаас өмнө нэгэн томъёоллыг хийе.
“Хөлбөмбөг оршин байгаа үндэс бол хөгжөөн дэмжигч, үзэгчид. Тэдний масст таалагдаж, нүдийг баясгах зүйл бол хурд хүч, гоол, бусад зүйлс. Хөгжөөн дэмжигчид бол мөнгө. Мөнгө бол хөгжил. Хөгжлийг дагаж үзэгч, хөгжөөн дэмжигч олширно. Хөгжөөн дэмжигч олширно гэдэг өнөөх л мөнгөний асуудал. Цаашаа энэ цикл үргэлжилнэ”

Тоглолтын арга барил
Хамгаалалт бол Сери А лигийн гол нэрийн хуудас. Хамгаалалтанд илүү зонхилсон 3-5-2 хувилбар лигийн талаас илүү баг нь ашигладаг. 3 хамгаалагч дээр 2 хагас хамгаалагч нэмэгдэж хамгаалагч болдог.
Гэхдээ бүр 3-4 жилийн өмнө “бараг” бүх багууд энэ хувилбарыг ашигладаг байсан. 2013-14 оны улиралд 4 хамгаалагчтай хувилбараар тоглож буй багууд 2-3-аар нэмэгдсэн.
Уг системээр тоглох нь цөөн тооны гоол оруулах үндсийг тавьдаг, мөн довтолгоо тал дээр анхаарал бага хандуулах нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс хөгжөөн дэмжигчид уг хөлбөмбөгийг уйтгартай хэмээн нэрлэдэг.
Түүхэн цагийн хугацаанд хатуу “такл”, хамгаалалтын гоёмсог мөчүүд, ширүүн тоглолтыг үзэгчид, хөгжөөн дэмжигчид илүүд үздэг байсан бол орчин үед цэвэр /fair/, ур чадварт үндэслэсэн, нүд баясгах хөлбөмбөгийг харьцангуй шүтэн бишрэх болсон.
Мөн Сери А-гийн тоглолтын арга барилд тоглогчид хүртэл өөрийн тоглолтоо гаргаж чадахгүй, өөрсдөө тэрхүү хөлбөмбөгөөс залхах хандлага ч гараад удаж байна.
/Энэ тухай нэг жишээг та нийтлэлч Содонтуяагийн “Нисдэггүй Голланд – Деннис Бергкамп” гэсэн нийтлэлээс уншиж болно. http://csports.mn/articles/view/564/ /
Тиймээс уг тоглолтыг арга барил Сери А-д эхнээсээ эхлэн халаагаа өгч байгаа хэлж болно. Эхний сонгодог жишээнүүд бол Рома, Наполи, АС Милан /Миланы хувьд түүхэн үеүдэд 4 хамгаалагчтай тоглож байсан, Их гурвалын үед 4 хамгаалагчтай тоглож байсан/, Фиорэнтина гэсэн багууд бүгд 4 хамгаалагчтай довтолгоонд суурилсан хөлбөмбөгийг үзүүлж байна.
Нэг жишээ л дурдахад Чезаре Прандэлли 2012 оны ЕАШТ-д Италийн шигшээгийн эхний тоглолтонд 3-5-2 ашиглаж байсан ч, эцсийн чухал тоглолтонд 4-4-2 стандарт хувилбарыг ашигласан.
Хөлбөмбөг сонирхогчдын хандлага
Өмнө нь дурдсанчлан үзэгчид илүү нүд баясгах хөлбөмбөгийг үзэхийг хүсч байна. Энэхүү шалтгаанд олон зүйл тоочиж бичих шаардлагагүй. Яг үнэндээ Сери А лигийг мэргэжилтнүүд хамгаалалтын гайхалтай тактикийн сонгодог жишээг харж болно хэлж хэлдэг ч, хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдэд тактик биш, ур чадвар, довтолгооны хөлбөмбөгийг үзэхийг хүсдэг.

Багуудын чансаа
Ювэнтүс, АС Милан, Интэр, Рома гээд багууд бүгд Европын тавцанд хүчтэй өрсөлдөгч байсан 90-ээд оны эхээр Премьер лиг биш, Сери А-г үзэх нь мөрөөдөл байсныг хижээл насны хөлбөмбөг сонирхогчид ярьдаг.
Харин одоогийн байдлаар /2007 оны АС Милан, 2010 оны Интэр Милан/ Европын тавцанд хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэгдэж буй баг Италид алга. Ювэ, Наполи, Милан гэсэн багууд аваргуудын лигт хүч үзсэн ч одоогийн байдлаар Милан л хасагдах шатанд үлдэж.
Ингээд бодоод үзвэл сүүлийн 10 жилд буюу хөлбөмбөг сонирхогч залуусын нэг үе гарч ирэх энэхүү хугацаанд олны анхаарлыг татсан баг байхгүй байна гэдэг бол цаашлаад хөгжөөн дэмжигчдийн нэг үеэс бага тооны сонирхогчийг өөрийн лигт татах магадлалтай юм.

Азийн зах зээл
Сери А лигийн менэжмэнтийн хувьд алдаж буй том алдаа бол Азийн зах зээлд хүч хаяхгүй байгаа асуудал.
Азийн төлөөлөл Казүюши Миура анх 1994 онд Жэноад очиж байсан /Харамсалтай нь түүний Итали дахь карьер тийм ч сайн байгаагүй. Эхний тоглолтондоо хамраа хугалуулсан, Италид байхдаа ганц л удаа гоолын баяр тэмдэглэж байсан/ бол Хидэтоши Наката 2000 онд Роматай Скудэтто хүртэж Азийн зах зээлийн анхаарлыг татаж байсан.
Түүний залгамжийг Өмнөд Солонгосын довтлогч Ан Жун Хуан авч Пэружиад ирч байсан ч, харамсалтай нь 2002 оны Дэлхийн Аваргын нээлт болон гялалзахдаа шигшээ 8-д Италийг хожсон түүний гэрээг баг нь цуцлах шалтгаан болсон. Сонирхолтой, хачирхалтай шийдвэр.
Үүнээс хойш Азийн төлөөлөл болсон тоглогчид Сери А-д гарч ирээгүй бол, Япончуудын Сери А-гийн цуврал Накамура, харин одоо Интэрийн Нагатомо, Миланы Хонда нар уг цувралыг үргэлжлүүлж байна.
Ердөө энэ хэдхэн хүний нэрээр Азийн тоглогчид хязгаарлагдаж байгаа бол бусад лигүүдтэй энэхүү үр дүнг харьцуулах эд биш.
Тоглогчдоос гадна Азийн зах зээлийг орхигдуулж буй нэг зүйл бол цаг, хэлний асуудал. Цагийн зөрүүнээс болж тоглолт үзэх, өөрийн дуртай багийн тоглолтыг үзэхгүй байх тохиолдол бишгүй. АС Милан, Интэр, Ювэгийн хувцсыг худалдаж авах чадамжийг ажил хийж байж л олно биз дээ? Ажлаа цалгардуулахгүйн тулд ням гаргийн 03:45 цагийн /Монголын цагаар/ тоглолт үзэх хүн тун ховор. Тэгвэл Монголоос цаг нь түрүүлж явдаг Япон, Солонгос үзэх болов уу? Английн Премьер лигийн гол давуу тал Азид оройдоо тоглолтууд гардаг явдал.

Бусад
Цагаас гадна, мэдээлэл авах гол эх сурвалжийн асуудал байдаг. Италийн Сери А-гийн мэдээлэл АПЛ-ийг бодвол харьцангуй бага мэдээллийн эх сурвалжаар тарна. Англи хэл бол дэлхийн хэл шүү дээ.
Дээрх асуудлуудаас гадна менэжмэнтийн жижиг асуудлууд олон бий. Цэнгэлдэхийн камерийн байрлал, ТВ сурталчилгаа, маркетингийн асуудал гээд л. Миний хувьд Сери А лигийг анх тайлбарлаж байхдаа бүх тоглогчид нь удаан гүйж байгаа мэт санагддаг байсан. 1, 2 тоглолт тайлбарласны дараа камерийн байрлал хөлбөмбөг цацахад ямар чухал болохыг анзаарсан. Тоттэнхэмийн Вайет Харт Лэйнийг санаж байна уу? Эгц дээрээс нь шахуу тоглолтыг үздэг учраас хурдтай, нарийн үйлдлүүдийг харах боломжийг олгодог.
Дүгнэлт
Оршил хэсгийн томъёололд дурдсаныг санаж байгаа биз? Хөлбөмбөгийн хөгжил цикл хэлбэрээр хөгждөг. Бүх хүчин зүйлүүд нарийн уялдаа, холбоотой. Ер нь менэжмэнтийг асуудал өөрөө нарийн уялдаатай байдаг.
Лигийн тоглолтын арга барилаас болж шилдэг тоглогчид Сери А-г зорих нь ховор байна. Үүнээс үүдээд лигийн чансаа буурна, хөгжөөн дэмжигч буурна, мөнгөний урсгал удааширна, үүнийгээ дагаад хөгжлийн хурд удааширна гэх мэт өөр хоорондоо нарийн уялдаатай эдгээр асуудлууд Сери А лигийн хөгжлийг удаашруулж байна.
Гэхдээ сүүлийн 2 жил Сери А лиг сэргэлт авч байгаа болов уу эхний шинж тэмдгүүд илэрсэн нь наймааны зах зээл, шилдэг тоглогчдод мөнгө хаях, залуучуудыг дэмжих, лиг дундын өрсөлдөөн гэх мэт үйл явдлаар илэрч байгаа. Карлос Тэвэз, Марио Балотэлли, Фэрнандо Ллорэнтэ, Кака, Майкл Эссиен, Адэл Таарабт, Марио Гомеш, Хосе Каллэхон, Гонзало Игуаин зэрэг довтолгооны мундаг тамирчид Сери А-д ирж, скудэттогийн төлөө Ювэнтүс, Рома, Наполи багууд өрсөлдөж тэдний араас Фиорэнтина, Интэр Милан нэхэж, шинэ тэсрэлт Хэллас Вэрона, Торино, Парма клүбүүд удаалж, бүр АС Милан эдгээр клүбтэй зуузай холбож байна гэхээр Сери А-гийн өрсөлдөөн хэр хүчтэй байгааг илэрхийлэх биз.
Юутай ч Сери А лигийн хөгжлийн асуудал цаашид чухлаар яригдаж томоохон өөрчлөлтүүд урт хугацаанд хийгдэж эхлэх биз. Английн Премьер Лигтэй эн тэнцүү хөгжилтэй болсон цагт Сери А-гаа, АС Миланаа тайлбарлах юмсан...
Нийтлэлчийн албан ёсны сэтгэгдлийн хариу:
-Сэтгэгдэл бичсэн бүх хүмүүст баярлалаа. Иймэрхүү байдлаар санал шүүмж бичиж байж, миний нийтлэлийн ур чадвар, сэдэв хөндөх аргачлал илүү нарийн боловсронгуй болох болно.
Нийт сэтгэгдэл бичсэн хүмүүст дахин сануулахад уг нийтлэлийг би тайлбар хийх болсон цагаас эхэлж сонирхох болсон сэдвийнхээ талаарх "бодол"-оо бичсэн.
/"Ингээд тэрхүү бодлоо хэдэн шалтгааны хамтаар сийрүүлье."/
@Football-italy: таны бичсэн сэтгэгдлийг уншлаа. Том сэдэв гэдгийг мэдэлгүй л яахав. Судлах зүйл ч ихтэй. Бага багаар бичиж байж дараагийн том асуудлууд руу орно шүү дээ. Хэрвээ нэг дор бичээд нийтлэвэл дипломын ажил шиг 200, 300 хуудастай нийтлэл болно шүү дээ. Дараа дараагийн нийтлэлд сэтгэгдэл бичээрэй. Өөр судалгаанууд цаашид хийгдэх болно. Баярлалаа.
@kk: таны сэтгэгдлийг цаашид дэлгэрүүлж баримттайгаар нийтлэлдээ оруулах болно оо. Баярлалаа.

Энэхүү нийтлэлийг бичсэн Г.Зол-Эрдэнэ нь CSPORTS.mn сайтыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 2010 оны 3-р сараас хойш нийтлэл бичиж байгаа юм.
Үүнээс гадна тэрээр Боловсрол ТВ-д харьяалагдан Английн Премьер лигийг тайлбарлаж байсан ба одоогийн байдлаар Sportbox сувгаар Италийн Сери А-ийн тоглолтуудыг Монголын үзэгчдэд тайлбарлан хүргэдэг.
АС Милан клубын дэмжигч
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!