Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Тоглолтын тойм: Арсенал 0:2 Байерн Мюнхен

CSPORTS team
2014 оны 2 сарын 20
iKon.MN

Итали шүүгч Никола Риццолигийн гаргасан эргэлзээтэй байж болох шийдвэрийн дараагаар Арсенал клуб талбай дээр 10-уулаа үлдэж, улмаар Байерн Т.Кроос болон Т.Мюллер нарын гоолоор талбайн эздийг 2:0-ийн харьцаатайгаар буулгаж авлаа.

Яг 11 сарын өмнө Эмирэйтс цэнгэлдэхэд Байерн Арсеналыг 3:1-ийн харьцаатайгаар хожиж байсан билээ.
  

2 багийн гарааны бүрэлдэхүүн аль аль талдаа онцлох зүйл ихтэй байлаа. Байерны тухайд улирлын турш төвийн хагас хамгаалалтын байрлалд тоглосон багийн ахлагч Филипп Лам өөрийн үндсэн байрлалдаа буюу баруун жигүүрийн хамгаалалтанд гарсан байв. Бразилийн шигшээд дуудагдаад амжсан Рафинья сэлгээний сандалд сууж, оронд нь гэмтлээс эргэж ирээд удаагүй Хави Мартинез хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчаар талбайд гарчээ.

Тэрчлэн Ф.Риберигийн эзгүйд А.Роббен түүний байрыг нөхөж, Марио Манзукич болон М.Гөце нарыг төвөөс Тиаго Алкантара, Тони Кроос нар дэмжих учиртай байв. Арсеналын тухайд ФА цомд дебютээ хийсэн залуу довтлогч Яя Саного гараанд О.Жиругийн оронд гарсан нь хамгийн анхаарал татаж байв.

Кристал Паластай хийсэн тоглолтын дараагаар нэр бүхий загвар өмсөгчтэй буудлын өрөөнд байгаа зураг нь хэвлэлээр тарж, улмаар дасгалжуулагчаасаа болон эхнэрээсээ уучлал гуйсан Франц довтлогчийг А.Венгер 2 дахь тоглолтоо дараалан талбайд гаргасангүй. М.Артета торгуультай байсан учир Ж.Уилшер М.Фламинитай хамт төвийн хагас хамгаалалтанд гарч, Ливерпүүлийн эсрэг маш сайн тоглосон Алекс Окслэйд Чемберлэйн баруун жигүүрт тоглохоор нэрлэгджээ.

Тоглолт олны таамаглаж байснаас огт өөр байдалтай эхлэсэн. Арсенал маш хурдан темптэй тоглож, Байерны хамгаалагчдад эрчимтэй нэхэлт хийж байсны улмаас Европын хамгийн сайн хамгаалалттай багийн хамгаалагчид бага зэргийн алдаа гаргаж, тэвдэж байгаа нь анзаарагдаж байлаа.

Хэдийгээр эхний аюултай цохилтыг Т.Кроос хийж, түүнийг нь В.Щесни амжилттай хаасан ч эхний 10 минут гэхэд М.Нойер 3 цохилтыг хаачихаад байв. Я.Саногогийн хаалганы урдаас цохисон бөмбөгийг реакцаараа хаасан Герман хаалгачийг онцлох хэрэгтэй.

Төвд маш идэвхтэй байсан Ж.Уилшерийн оновчтой дамжуулалтаар Ж.Боатенгийн эсрэг гарч ирсэн М.Өзил тун ухаалгаар бөмбөгөө дарсанд хамгаалагч хариу үйлдэл үзүүлж чадсангүй алдаа гаргаж, улмаар Арсенал торгуулийн цохилт цохих эрхтэй болсон. Тоглолтын хэмнэлд зохицож чадахгүй байсан Ж.Боатенг ч шар хуудсаар торгуулсан юм. Гэсэн ч Арсеналын хамгийн үнэтэй тоглогч өөрийн хамт өсөж, нэг багт харьяалагдаж, шигшээдээ хамт хичээллэж ирсэн найз М.Нойерыгоо аргалж дөнгөсөнгүй. Энэ цохилт тоглолтын үр дүнг бүрэн эргүүлж болох байлаа.

Гэвч 37 дахь минутанд эсрэгээрээ тоглолтыг эргүүлэх үйл явдал гарч, Арсеналын хаалгач В.Щесни талбайгаас хөөгдсөн юм. Т.Кроосын хамгаалагчдыг хөнгөхөн давуулан өгсөн дамжуулалт А.Роббенд чиглэн хаалгачийн эсрэг ганцаараа гарч ирэхэд Польш хаалгач алдаа хийн түүнийг зогсоосон.

Шүүгч ч эргэлзээгүй торгуулийн цохилт зааж, хаалгачийг талбайгаас хөөсөн юм. Улмаар С.Казорла талбайг орхиж, өөр нэг Польш хаалгач Лукас Фабиански талбайд гарч ирсэн. Гэвч торгуулийн цохилт цохих үүргийг тогтмол амжилттай биелүүлсээр ирсэн Австри хамгаалагч Давид Алабагийн цохилт хаалганы шон онон гарснаар тооны харьцаа хуурай хэвээр үлдлээ. 

Арсеналын фенүүд 2-р үеийн эхлэл хүртэл маш эрчимтэйгээр багаа дэмжиж, “гол дайсан №1” Арьен Роббенийг бөмбөг авах тоолонд нэгэн дуугаар орилж, чимээ гарган, эсэргүүцлээ үзүүлж байлаа. Гэвч 54 дэх минутанд Т.Кроосын хийсэн гайхалтай нарийн цохилт тэднийг чимээгүй болгож, Байернд тэргүүллийг авчирлаа. 2-р үеэс эхлэн төвд тоглох болсон Ф.Ламын дамжуулалтаар торгуулийн шугамын гаднаас цохисон түүний цохилтыг хаалгач хаах ямар ч боломж байсангүй. 

Үүнээс хойш Байерн Арсеналын бүсэд бөмбөгөө барьж, дараагийн гоолын төлөө довтолж эхлэсэн. Хэтэрхий нэхэлт хийж, хурдтай темптэй тоглолтыг эхлүүлсэн Арсенал сүүлийн 20 минутанд сууж, улмаар сэлгээгээр гарч ирсэн Томас Мюллер Ф.Ламын маш оновчтой дамжуулалтыг алдалгүй мөргөж гоол оруулснаар тоглолтын эцсийн цэгийг тавьснаар тоглолт өндөрлөсөн юм. 2-р үед үүнээс гадна Т.Мюллерийг Л.Кошиелни торгуулийн талбайд алдаа хийсэн, Т.Кроосын цохилт хаалганы шон оносон, А.Роббений хэд хэдэн цохилтыг Л.Фабиански хаасан гээд Байерны илт давамгайлсан дүр зурагтайгаар явагдсан билээ.

Аваргуудын лигт 2 дараалж түрүүлсэн анхны баг болох зорилго өвөртлөн буй Байерн Мюнхен ийнхүү өөрийн Аллианз Аренадаа маш давуу байдалтайгаар хариу тоглолтыг хийх болж байна. Харин А.Венгерийн шавь нар өнгөрсөн улиралд тэнд үзүүлсэн эрчтэй тоглолтоо ахин нэг гаргаж, гайхамшиг бүтээх хүндхэн даалгавартай тулгараад байна.