Энэ зуны Дэлхийн аваргаар бид Нидерландын шигшээ багт зоолттой харах тоглогч бол Кевин Стротмaн. Өдгөө 24 настай энэ залуугийн араас Манчестер Юнайтед, АС Милан зэрэг олон топ багууд хөөцөлдөж байсан боловч өнгөрсөн зун Италийн нийслэл РОМ хотыг зорьсон юм. Түүний шийдвэр ч зөв гэдэг нь батлагдаж Руди Гарсиагийн хүчирхэг Ромагийн гол тулгуур болчихоод байна.
Рома ирэх улирлын Аваргуудын лигт орох магадлал өндөр байгаа. Гэхдээ түүнээс өмнө Бразилд Кевин өөрийгөө дэлхийн хэмжээний тоглогч болсон гэдгээ харуулна гэж олон мэргэжилтнүүд бичиж байгаа. Нидерландын гарааны тоглогч болсон нь мэдээж түүнийг энэ түвшинд хүрсний бас нэгэн баталгаа. Тулгуурын хагас дээр хатуу чанга, дайчин, алдаа мадаггүй тоглодог энэ залуугийн талаар төдийлөн сайн мэдэхгүй уншигчдад зориулж түүний түүхтэй холбоотой баримтуудаас хуваалцаж байна.
“ҮНЭНЧ СТРОТМАН“
Орчин үеийн хөлбөмбөгт “loyalty” буюу үнэнч байдал, итгэл гэдэг зүйл улам бүр багасаж байна гэж ярьж байгаа. Юм болгон мөнгөөр үнэлэгдэх болж, өндөр цалин, алдар нэр, цом авах илүү боломжтой баг руу залуу тоглогчид хошуурч байна. Тэгвэл Кевин Стротмaн огт өөр хүмүүжилтэй гэдгээ карьерийнхаа дөнгөж эхэнд харуулсан юм.
Мэргэжлийн карьераа эхлүүлсэн Роттердамын Спарта баг нь 2010 онд доод лиг рүү унахад тэрээр бусад багуудын саналаас татгалзаж багтаа үнэнчээр үлдсэн юм. 20 настай залуугийн энэ шийдвэр карьер нь өсөлтөд сөргөөр нөлөөлж болох байсан ч тэрээр эргэж буцаагүй. Ингээд Eerste Divisie (Нидерландын 2-р лигт) хагас жил тоглосны дараа Утрехтийг саналыг хүлээж авснаар түүний алдарших замнал эхэлсэн.
Энд мөн л хагас улирлыг өнгөрүүлээд Нидерландын хамгийн алдартай клуб PSV-гийн эгнээнд нэгдсэн бол 2 жилийн дараа Ромд газардсан билээ. Энд тэрээр үнэнч, үлгэр жишээ байдлын тод жишээ болсон Франческо Тотти, Даниеле Де Росси гэсэн залуустай мөр зэрэгцэн тоглож байна. Шинэ багтаа тэрээр маш хурдан дасан зохицож улирлын эхэнд 10 дараалан ялахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Сери А-гийн рекорд болсон энэхүү цувралын тоглолт болгонд Кевин бүтэн 90 минутыг талбайд өнгөрүүлсэн юм. Руди Гарсиагийн 4 - 3 -3 тактикт тэрээр Де Росси – Пьяничтай хамт хагас хамгаалалтын супер-гурвалыг бүрдүүлж байгаа билээ.
“ДОМГИЙН ДУГААРЫГ ӨВЛӨСӨН НЬ”
Стротмaн Спарта-д байхаасаа хойш 6 дугаараа солиогүй. Утрехт, PSV-д ч ялгаагүй. Тиймээс Ромад ирээд 6 дугаар авахад нь олон хүн гайхаагүй. Харин Ромагийн үнэнч фенүүд бол гайхаж байлаа. Яагаад гэж үү ?
Энэ чинь клубын домог, алдрын танхимд багт 11 тоглогчдын нэг АЛДАЙР-ын дархлагдсан дугаар шүү дээ. Энэхүү Бразил хамгаалагч 1990–2003 оны хооронд Ромын төлөө хүчин зүтгэхдээ 300 гаран тоглолтонд оролцож, клубын домог болон хүндлэгдсэн юм. Тийм ч болохоор 2003 онд Женоа руу явахад 6 дугаарыг нь мөнхөлсөн байна.
Тиймээс энэ нэр хүндтэй дугаараа нэг Нидерланд залууд өгчихдөг нь юу билээ гэж фенүүд гайхаж бас бухимдах нь аргагүй. Харин Стротмaн өөрийнхөө шилдэг тоглолтоороо энэ дугаарын нэр хүндийг дааж авч чадна гэдгээ харуулж байна. Тэрээр Ромагийн энэ улирлын онцгой амжилтын гол тулгуур болж байгааг ямар ч Романиста эргэлзээгүй хэлнэ. Магадгүй домог тоглогчын дугаар түүнд өөрийгөө илүү их дайчилж, фенүүдийн хүндлэлийг хүлээхэд ташуур өгсөн байж мэдэх юм.
“ВАН БОММЕЛИЙН ШАВЬ”
Стротмaны тоглолтоос нэг тийм дайчин, хэнээс айж эмээдэггүй, оргилсон эрч хүч мэдрэгддэг. Түүний гол үүрэг бөмбөг тасалж, барьж, араас найруулах боловч урагшаа орохоос хэзээ ч буцаж байгаагүй. Карьерийн эхэнд Спартагийн довтолгооны найруулгыг хийдэг байсан гэхээр энэ улиралд 6 гоолтой байгаад нь гайхах юмгүй.
Харин цэвэрлэгчийн ур чадвараа дээшлүүлэхэд нь Марк Ван Боммелийн зөвлөгөө чамгүй их тус болсныг нөхөр өөрөө онцолж байсан. Хөлбөмбөгийн хатуу самарнуудын нэг Ван Боммель 1992 оноос хойш эсрэг багийн довтлогчдын шилбэтэй найзалж байгаа учраас түүнд чамгүй их зүйлийг сургасан нь тодорхой.
Ван Боммель 2012 онд Миланыг орхиж PSV-д эргэн ирснээр тэд хамтдаа нэг улирлыг өнгөрүүлсэн юм. Бүр тодруулбал Дик Адвока́т тэднийг хамтад нь тулгаарын хагас дээр ашигладаг байлаа. Кевин шигшээ багт Ван Боммелийн халааг залган тун амжилттай тоглож байгаа.
Харин бөмбөг таслахдаа заримдаа хэтрүүлчих гээд байдаг ч гэсэн олон жилийн дундаж буюу улиралд 6-гээс дээш шар хуудас авдаггүй амжилтаа энэ улиралд Ромад үргэлжлүүлж байгаа. Харин одоогоор карьерийнхаа цорын ганц улаан хуудсыг 2011 онд Твенте-гийн эсрэг хийсэн тоглолтонд авч байсан байна.
“ХААНА Ч ЯВСАН ХАМТДАА”
Стротманы карьерийн талаар ярихдаа нэг хүнийг мартаж болохгүй. Тэр бол Дрис Мертенс. Тоолбол нас, төөлбөл нуруу дэндүү ялгаатай ч гэсэн энэ 2 залуу 2011 оноос хойш дотно нөхөрлөж байгаа. Бүр тодруулбал 2011 онд Стротманыг Утрехтэд ирснээс хойш. Тухайн үед Бельгийн ирээдүй гэгддэг Мертенс тэнд 2 дахь жилдээ тоглож байлаа. Улмаар тэр зун нь PSV 2 залууг хамтад нь 13 сая еврогоор авчирч байлаа. (Яг одоо Кевиний зах зээлийн ханш 21 сая евро)
Эйндховенд тэдний нөхөрлөл улам батажсан бөгөөд 2013 оны зун мөн л хамтдаа PSV -г орхисон юм. Гэхдээ хувь тавилангийн эргүүлгээр Стротмен Рома, Мертенс Наполи руу шилжсэн. Гэхдээ тэд нэг лигт тоглож байгаа болохоор уулзах тохиолдол цөөнгүй гарна. Өнгөрсөн 10 сард Рома талбайдаа Наполиг угтан авч 2 : 0-ээр ялалт байгуулсан.
Тэр тоглолтонд Мертенс оролцоогүй боловч 3 сарын эхээр хийх хариу тоглолтонд хуучин найзтайгаа уулзахыг тэсэн ядан хүлээж байгаа нь тодорхой. Бельги залуу Стротман шиг Сери А-д хурдан хөлөө олоогүй ч гэсэн одоо Наполигийн гараанд байнга багтаж байгаа. Тэрээр 21 тоглолтонд 5 гоолтой явж байна.
НИДЕРЛАНД “РОЙ КИН”
Түүнийг ийн хочилдог. Энэ нь хатуу чанга, нугарашгүй, ширүүн дайчин тоглолтын арга барилтай нь холбоотой ч гэсэн Кевин бусад талаараа ч Рой Кийнийг санагдуулах нь бий. Жишээлбэл царай төрх, зан ааш гэх мэтчилэн. Стротманыг ширүүн төрхийг харсан хэн ч гэсэн эмээх, сүрдэх сэтгэл төрдөг нь дамжиггүй.
Ялангуяа чиний хөл рүү жийж орохоор хар эрчээрээ ойртож байгаа үед. Дээр нь эвийг нь тааруулж байгаад солгой хөлөөрөө алсаас хүчтэй буудчихна. Харин Рой шиг эвгүй авир гаргадаггүй, илүү тайван зантай. Магадгүй өрсөлдөгчид нь түүнийг уурлуулахийг тэгтлээ хүсдэггүй байж ч мэднэ.
“ХАМГИЙН ЗАЛУУ АХЛАГЧ”
Нидерландын шигшээ багт түүнийг 2011 оноос дуудаж эхэлсэн. Тэрээр дебут тоглолтоо 21 насны төрсөн өдрөөсөө 4 өдрийн өмнө хийж, тэр жилдээ дебут гоолоо Финляндын эсрэг оруулсан байгаа. Дараа жил нь Берт ван Ма́рвейк түүнийг Польш-Украйн руу явах бүрэлдэхүүндээ багтааж томоохон итгэл хүлээлгэсэн юм.
Хэдийгээр талбайд гараагүй боловч түүнийг шигшээ багийн ирээдүй гэдгийг нь баталсан юм. Дараа нь 2014 оны Дэлхийн аваргын урьдчилсан шатанд Андорра, Румыны эсрэг хийсэн тоглолтуудад тэрээр Уэсли Шнайдерийг орлон шигшээ багийн ахлагчаар талбайд гарсан байгаа.
Шигшээ багийн дебутээ хийгээд ганцхан жил болж байгаа залууд үүнээс илүү баталгаа хэрэггүй байх. Стротман ийнхүү Нидерландын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн залуу ахлагч болсон юм. Түүний лидерийн чанар эрт танигдаж Нидерландын U-21 багийг мөн ахалж байсан юм. Харин одоо түүнийг дараагийн зогсоол хүлээж байна. Энэ бол Дэлхийн аварга!
Блиц анкет
Нэр : Кевин Стротман (Kevin Strootman)
Төрсөн огноо : 1990.2.13 (24 настай)
Төрсөн газар : Нидерланд, Риддеркерк
Өндөр : 1.86м
Байрлал : Хагас хамгаалагч
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!