
Манчестер Сити клуб алдарт Уэмбли цэнгэлдэхэд үзүүлсэн 2-р үе дэх гайхалтай тоглолтоороо Сандерландыг буулгаж аван, Лигийн цомын тэмцээнд түүхэндээ 3 дахь удаагаа түрүүллээ.
Хэдийгээр Сандерланд дөнгөж 10 дахь минутанд хийсэн гоолынхаа дараагаар тоглолтыг тэргүүлж байсан ч 2-р үеийн 10, 11 дахь минутанд Я.Туре, С.Насри нарын оруулсан “гайхамшигтай” гоолууд тоглолтыг эргүүлж, улмаар тоглолтын төгсгөлд Х.Навас нар гоолдон тоглолт 3:1-ийн харьцаатайгаар өндөрлөлөө. М.Пеллегринигийн баг 4 фронтод зэрэг тулалдсаар эхнийхээ цомыг хүртсэн нь энэ боллоо.
Уэмблид Манчестер Ситигийн үндсэн хаалгач Ж.Харт сэлгээнд үлдэж, К.Пантилимон гараанд гарсан байлаа. Тэрчлэн гэмтлийн улмаас 5 тоглолтыг өнжсөн С.Агуэро гарааны бүрэлдэхүүнд эргэн ирж, Э.Жекотой довтлогооны шугамыг бүрдүүлж байв. Хагас хамгаалалт, хамгаалалтанд өөр онцын өөрчлөлтийг Чили мэргэжилтэн М.Пеллегрини хийгээгүй байлаа.
Харин Г.Пойетийн Сандерланд Итали довтлогч Ф.Бориниг урд шугаманд илгээж, сөрөг довтлогоог сайн хийж чадахуйц хурдтай тоглогчдоор хагас хамгаалалтын шугамаа бүрдүүлсэн байлаа. Төвийн хамгаалалтанд В.Броун, Ж.Оши гэсэн экс Юнайтедын туршлагатай тоглогчид зогсож байв.

Тоглолтын эхний үед Сандерланд маш эрчтэй тоглолтыг үзүүлж, алдсан бөмбөг болгоны араас уйгагүй зүтгэн, аюултай хамгаалалт, гулгасан таслалтуудыг олноор хийж байлаа. Тэдний ийм эхлэлд бэлэн байгаагүй Ситигийн хамгаалалт эхний гоол дээр том алдаа гаргав. Төвийн хамгаалалтанд гарсан В.Компани болон М.Демичелис нар дундаасаа Ф.Бориниг алдаж, улмаар Ливерпүүлээс зээлээр тоглож буй итали довтлогч хөлний гадар хэсгээр уран гоолыг оруулж, салхийг хагаллаа.
Хэдхэн минутын дараа хамгаалагчид ахиад л алдаа гаргаж, Борини ахин сул гарч ирсэн ч эцсийн мөчид В.Компани бөмбөгийг тасалж амжив. Ерөөс энэ үед С.Агуэрогийн баруун жигүүрээс сугарч гарч ирэн, С.Насрид дамжуулсныг хаалгач В.Манноне хаасан нь Ситигийн онцлох довтлогоо байлаа.

Өнгөрсөн улирлын ФА цомын финалд Уиганд хожигдож, олон хүнийг шоконд оруулсан Сити энэ алдаагаа ахин давтахыг хүссэнгүй. 2-р үед огт өөр тоглолтыг гаргаж эхлэсэн. Солонгос легионер Кигийн алсын цохилтыг хаалгач хаасны дараагаар Сити 2 минутанд 2 гоол оруулж тоглолтыг эргүүлж орхив.
Эхлээд 55 дахь минутанд энэ улиралд гоолтой байгаа Я.Туре 30 орчим метрээс тун гоёмсог бас оновчтой цохилтыг гүйцэтгэн гоолдсон бол ганцхан минутын дараа хамгаалагчийн дутуу цэвэрлэсэн бөмбөгийг С.Насри гадарлаж гүйцээн, энэ улирлын 7 дахь гоолоо оруулжээ.


Хэдийгээр Г.Пойет даруй давхар сэлгээг хийж, энэ тоглолтонд давгүй тоглож, эхний гоолын дамжууллатыг өгсөн А.Жонсон болон экс Арсенал С.Ларссон нарыг сэлгээнд суулгаж К.Гарднер, С.Флечер нарыг гаргасан ч төдийлэн үр дүнд хүрсэнгүй.
Турег гар хүрсэн гэж шүүгчээс торгуулийн цохилт шаардаж, Ж.Колбакийн цохилтыг Пантилимон хааснаас илүүг тэд хийж чадаагүй. Харин оронд нь Сити илүү аюултай байж, улмаар сэлгээгээр гарч ирсэн Х.Навас 89 дэх минутанд сөрөг довтлогоог гүйцээн, багийнхаа ялалтыг баталгаажуулжээ.

Манчестер Сити ингэснээр түүхэндээ 3 дахь удаагаа Лигийн цомын тэмцээний аварга болж байна. Ивээн тэтгэгчийн нэрээр буюу “Capital One Cup” гэж нэрлэгдэж буй энэхүү тэмцээнд тэд өмнө нь 38 жилийн тэртээ буюу 1976 онд хамгийн сүүлд түрүүлж байлаа. Манчестер Сити Лигийн цомын тэмцээний аварга болов.



Энэхүү нийтлэлийг бичсэн А.Ундрал нь CSPORTS.mn сайтыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 2010 оны 3-р сараас хойш нийтлэл бичиж байгаа юм. Үүнээс гадна тэрээр UBS телевизийг төлөөлөн Лондоны Олимпийн наадам, Гуаньжуогийн Азийн наадамд ажиллаж байсан, Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн. Байерн Мюнхен багийн дэмжигч.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!