Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Реал Мадридын амжилтанд юу нөлөөлж байна вэ?

CSPORTS team
2014 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Реал Мадрид

2014 оны эхлэл Реал Мадридын хувьд өөлөх зүйлгүй байна. Тэд Атлетиктэй тэнцсэнийг эс тооцвол он гарснаас хойш бусад бүх тоглолтдоо ялалт байгуулаад байгаа юм.

Үүнд Ла лигийн 7 тоглолт, Эзэн хааны цомын 6, Аваргуудын лигийн 1 тоглолт багтаж байна.
 
Төгс гэхэд буруудахгүй энэ цуврал нь тэднийг Ла лигийн тэргүүн байр, Копа дель Рэйн финал, Аваргуудын лигийн шөвгийн наймд (бараг л) аваачаад байгаа.
 
Хэрвээ энэ ням гаригт араасаа 3 онооны зөрүүтэй нэхэж байгаа Атлетиког буулгаж авбал тэдний лигийн тэргүүлэл улам бүр баталгаажиж баг болгоны мөрөөддөг нэгэн амжилт руу алхам ойртоно. Энэ бол Требль. Хэдийгээр Эзэн хааны баг үргэлж хүчирхэг бүрэлдэхүүнтэй байсаар ирсэн боловч энэ жил ямар нэгэн, бүр онцгой зүйл харагдаж байна. Ингээд та бүхэнд тэдний супер амжилтын шалтгаанаас сонирхуулья.
 
ЗОГСООГДОШГҮЙ РОНАЛДУ

Сүүлийн хэдэн жилийн Реалын амжилтанд хамгийн онцгой нөлөөг мэдээж Роналду үзүүлж байгаа. Статистик, бодит байдал дээр аль аль тал дээр үүнийг баталж болно. Рекорд эвсэн 2013 оны дараа тэрээр  Ballon d'Or дахь Лионель Мессигийн давамгайллыг зогсоож удаан хүлээсэн шагналаа гардсан юм.
 
Мэдээж сүүлийн хэдэн жилд тэр ийм хүндлэл хүлээх хэмжээнд хангалттай их хөдөлмөрлөсөн учраас маргаад байх хүн нэг их байгаагүй. Харин 2014 оны эхэнд түүний хурд бэртэл гэмтэл, торгуулиас болоод бага зэрэг удааширсан. Гэхдээ сүүлд Шалькегийн эсрэг 2 гоол оруулж гоолын цуврал нь зогсохгүй гэдгийг харууллаа. Тэрээр өдгөө 11 гоолтой болж мэргэн буучдын жагсаалтыг манлайлж байна. Аваргуудын лигт хийсэн сүүлийн 25 тоглолтдоо 31 гоолтой тоглогчын хувьд энэ бол байдаг л амжилт.

Дэлхий даяар алдаршсан CR7-гийн тоглолт бүх талаараа төгс гэхэд болно. Түүнд хурд, хүч, ур чадвар, агаарт илүүрхэх чадвар болон хамгийн чухал нь ямар ч хүнд байдлаас гоол оруулж чадах мэдрэмж бий. Тэр үргэлж шилдэг нь байхыг хүсдэг учраас үргэлж өөрийгөө 100 хувь дайчилдаг нь бусдаас онцгойрох чанар. Мадридад ирснээсээ хойш Рон 232 тоглолтонд 237 гоол оруулаад байгаа нь хөлбөмбөг дээд түвшиндээ хүрсэн өнөө үед баймгүй үзүүлэлт. Ганцхан энэ үзүүлэлтээс л түүний хэн гэдгийг харж болно.
 
Тэрээр зөвхөн клубээ чирэхээс гадна бараг дангаараа энэ зуны Дэлхийн аваргын эрхийг Португалд авчирсан. Роналдугүй Португал яг үнэндээ дундаж хэмжээний баг гэдгийг хэн ч хэлнэ. Гол нь Роналду амжилтандаа хэзээ ч сэтгэл ханадаггүй болохоор цаашид ч урагшилсаар байх болно.
 
ЦАХИЛГААН БЭЙЛ

Хэрвээ чиний төлөө хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр үнийг төлөх юм бол бүх дэлхий даяараа чам руу анхаарлаа хандуулна. Спорт сонирхдоггүй хүмүүс ч гэсэн ялгаагүй. Тэгээд дээр нь хэвлэл мэдээлэл, фенүүд, багаас ирэх дарамт шахалтыг төсөөлөхийн аргагүй. Бас шинэ улсын цаг агаар, соёл иргэншилд дасах хэрэгтэй болно.

Гарет Бэйл яг л ийм нөхцөл байдалд сүүлийн хэдэн сарыг өнгөрүүлж байгаа. Түүнийг Ла лигт дасах гэж хичээж байх хооронд хэл нь загатнасан хүмүүс альхэдийнэ шүүмжлээд эхэлсэн юм. Үнэндээ Бэйлийн Мадрид дахь эхний хэдэн сар баргар байсан нь үнэн. Бэртлээс болж улирлын эхэнд олон тоглолт өнжсөнөөс гадна Нэймартай байнга харьцуулан муулж байлаа.

Гэхдээ одоо улирал талдаа орсны дараа Бэйл шүүмжлэгчдийн амыг альхэдийнэ чимээгүй болгоод байна. Тэрээр гоолын тоогоо 27 тоглолтонд 14 хүргэж, 10 гоолын дамжуулалт өгөөд байна. Мөн Шалькег 6 : 1-ээр бут ниргэхэд дубль хийж, багийнхаа тоглолтонд улам бүр чухал үүрэгтэй, сольшгүй тоглогч болон дэвшээд байна. Хэрвээ Бэйл энэ формоо улирал дуустал хадгалж, тогтвортой тоглож чадвал Мадридийн амжилтын чухал хэсэг болох болно.

  
ЛУКА МОДРИЧ

Карло Анчелотти ирснээр Лука Модричийн багт эзлэх байр суурь жилийн өмнөхөөс огт өөр болоод байна. Түрүү жилийн өдийд түүнийг Marca-гийн уншигчид Реалын хийсэн хамгийн муу наймаануудын нэг хэмээн тодорхойлсон юм. 40 сая еврогийн үнэндээ хүрэх хэмжээнд тоглохгүй байна хэмээн байнга шүүмжилж байлаа.

Модрич бол гайхалтай тоглогч. Магадгүй дэлхийн шилдэг хагасуудын нэг. 

Харин одоо Лука багийн түлхүүр тоглогч болчихоод байна. Анчелотти түүнийг тулгуурын хагас дээр Хаби Алонсотой хамт гаргаж, довтолгоо-хамгаалалтын балансыг тэнцүүлж байгаа юм. Тэрээр талбайг бүхэлд нь мэдэрч, оновчтой дамжуулалт, ухаалаг шийдвэрээр багийнхаа тоглолтын ерөнхий тэмпийг тодорхойлж байна.

Энэ бүхэнд Модричийн өөрийнх нь хичээл зүтгэлээс гадна Карлогийн итгэл хамгийн их нөлөө үзүүлсэн. Бүр улирал эхлэхийн өмнө тэрээр “Модрич бол гайхалтай тоглогч. Магадгүй дэлхийн шилдэг хагасуудын нэг.  Олон байрлалд тоглох чадвартай. Би энэ залуугаас их зүйл хүлээж байна” хэмээн ярьж байсан юм.

Тэрээр энэ улиралд багаасаа хамгийн олон амжилттай  дамжуулалт (878)  өгсөн бөгөөд пасс нь 90 хувийн оновчтой байна. Реал Мадридаас түүнтэй энэ  үзүүлэлтээр зөвхөн Ди Мария л өрсөлдөнө. (650). Мөн хамгийн олон довтолгооны эхлэлийг тавьж,  такль хийсэн  (56) . нэг тоглолтонд дунджаар (2.86) такль хийж байгаа нь Ла лигт дээгүүр бичигдэх үзүүлэлт.  Харин түүний гоолын тоо л түүнд бага зэрэг цөөхөн байна. Гэхдээ Роналду, Бэйл, Бензема гэсэн залуус энэ үүргийг хангалттай биелүүлж байгаа. Ямартай ч тэрээр 7 гоолын дамжуулалтыг багийнхандаа өгсөндөө сэтгэл хангалуун байгаа байх.

  
ХҮЧИРХЭГ ХАМГААЛАЛТ

Магадгүй Карло Анчелоттигийн багаасаа хамгийн их бахархаж байгаа зүйл нь хамгаалалт байх. Мэдээж Мадридийн багийн довтолгоо гайхалтай байгаа. Үргэлж л тийм байсан. Энэ бол Эзэн хааны багийн DNA. Харин онгорхой цоорхой ихтэй хамгаалалт нь тэдний амжилтыг доош нь чангаадаг байсан. Хичнээн сайн довтолгоотой байлаа гээд тэрнээсээ ихийх алдаж байгаа бол амжилт гаргаж чадахгүй.  Харин энэ улиралд Los Blancos-ын арын шугам хэзээ хэзээнээс илүү нягт байна. Хамгаалалтын гол ноён нуруу Серхио Рамос, Пепе нар олон шар, улаан хуудас бөмбөгддөг түргэн зан, тэвчээргүй байдал нь энэ улиралд харьцангуй багассан. Үүнд Анчелоттигийн заавар зөвлөгөө чамгүй их нөлөөлсөн нь тодорхой.
 
Өнгөрсөн 1 сард тэд 8 тоглолт дараалан клин-шит хийж клубын рекордыг тогтоосон бол Аваргуудын лигт Клаас-Ян Хунтеларыг гоолдох хүртэл Касильяс бүтэн 11 цаг хаалгаа хуурай манаад байсан.

Реалын хамгаалалтын бас нэгэн чухал хэсэг бол Даниэль Карвахаль. 22 настай залуу багийнхаа бусад залуустай адил супер-одын хэмжээнд хүрээгүй боловч оногдсон үүргээ баруун ард хангалттай сайн биелүүлж байгаа. Түрүү жил Моуриньо Майкль Эссьенийг хүртэл хамгаалалтад тоглуулж, олон туршилт хийж байсан. Гэхдээ тийм ч сайн үр дүн дагуулаагүй бол Карвахалийн тогтвортой тоглолт Карлогийн ажлыг хөнгөлж байна.
 
Харин маргаан дагуулсан хаалгачын асуудлын хувьд Икер Касильяс Ла лигт ганц ч тоглолтонц оролцоогүй байгаа. Гэхдээ Диего Лопес олон клин-шит хийж байгаа нь хамгаалалтын чанарыг мөн харуулж байна.
 
АНЧЕЛОТТИГИЙН НӨЛӨӨ

Эцэст нь Реал Мадридийн амжилтын гол шалтгаан тоглогчдод биш харин дасгалжуулагчид байгаа. Карло Анчелотти Моуриньогийн халааг авахад түүний ур чадварт эргэлзэх хүн байгаагүй. Харин тэрээр ажлаа илүү тайван,  нам гүм байдлаар явуулахыг илүүд үзсэн юм. Португал менежер сонирхолтой ярилцлага өгч, сэтгэлзүйн тоглоом хийж, үргэлж хэвлэлийн анхаарлын төвд байдаг байсан бол Итали мэргэжилтэн илүү хашир, хянуур байдлаар ажиллаж эхэлсэн. Магадгүй Реал шиг том багт энэ байдал илүү тохирох байх.

Тэд дэлхийн хамгийн алдартай клуб учраас тэнд болж байгаа бүхэн хэвлэлийн нүүрэнд гардаг. Дээр нь Моуриньо шиг байнгын анхаарлын төвд байх дуртай хүн байхад энэ бүхэн заримдаа сөрөг үр дүнд хүргэж болно. Харин даруухан, эмх цэгцтэй, тайван дасгалжуулагчид ч гэсэн давуу талууд бий. Анчелотти бол ажлынхаа үр дүнгээр санаагаа илэрхийлдэг мэргэжилтэн.

Гэхдээ бас хэвлэлийнхнээс ч нэг их зайгаа барьдаггүй. Ерөнхийдөө бол хөзрөө олон нийтэд дэлгэх дургүй,  ачаалал ихтэй, том багийг яаж удирдахаа мэддэг мэргэжилтэн. Мадридчууд Карлогоос хүсч байгаа гол зүйл нь мэдээж Аваргуудын лиг. Тэрээр Миланыг удирдах хугацаандаа энэ цомыг 2 ч удаа өргөсөн туршлагатай мэргэжилтэн. Тиймээс багийнх нь одоогийн формыг харахад 5 сарын 24-нд Лисбонд тэрээр дахин энэ цомыг өргөхийг үгүйсгэх аргагүй юм.
 
ДҮГНЭЛТ

Реал энэ жил Требль хийж чадахгүй байлаа ч гэсэн ямар нэгэн цомтой үлдэх нь тодорхой. Зөвхөн Байерн, Барса гэсэн багууд Аваргуудын лигт тэдэнтэй эн тэнцүү өрсөлдөхөөр харагдаж байна. Харин дотоодын тэмцээний хувьд бүх зүйл Мадридаас өөрсдөөс нь шалтгаална. Үүний тулд Барсатай хийх тоглолтууддаа хожих зайлшгүй хэрэгтэй.
 
Энэхүү нийтлэлийг бичсэн Г.Баярсайхан нь Спортбокс телевизээр Италийн Серие А-г тайлбарлан, үзэгчдийн талархлыг хүлээсэн спортын сэтгүүлч юм. "Гуаньжоу 2010" Азийн наадамд ажиллаж байсан туршлагатай. Монголын спортын хамгийн том форум "Спортын Цонх" форумын админ, www.sportnews.mn-ий нийтлэгч. Өдгөө SPS телевизэд ажиллаж буй Рома клубын фен.