Ням гарагт болж өнгөрсөн 68 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолын хөтлөгчийн хэлсэн хошигнол АНУ-ын ерөнхийлөгчийг хилэгнүүлсэн байна.
Учир нь хөтлөгч тайзан дээрээс түүнийг бэлгийн хүчирхийлэгч агсан Жеффри Эпштейнтэй холбож ярьсан юм.
“Wildflower” дуугаараа “Оны шилдэг дуу” шагнал хүртсэн Билли Эйлишт баяр хүргэснийхээ дараа комедиан Тревор Ноа “Энэ бол Трамп Гринландыг хүсдэг шиг уран бүтээлч бүрийн хүсдэг шагнал юм” гэж хэлжээ.
Дани улсын бүрэлдэхүүнд багтдаг Гринланд арлыг АНУ-д нэгтгэхийн тулд юу ч хийхэд бэлэн байгаа Трампыг тэр ийнхүү егөөдсөн байна.
Дараа нь Ноа “Учир нь Эпштейнийг өнгөрснөөс хойш түүнд Билл Клинтонтой хамт байх шинэ арал хэрэгтэй болоод байгаа” гэж хошигножээ.
Зургаан удаа Грэммийн ёслолыг хөтөлж байсан Ноа энэ жил сүүлчийн удаа уг арга хэмжээг хөтөлж байгаагаа зарласан бөгөөд өмнө нь тайзан дээрээс үг хэлэхдээ төдийлөн их улс төржиж байгаагүй юм.
Трамп өчигдөр сошиал хуудсандаа “Грэммийн ёслол бол хамгийн муухай, үзэхийн аргагүй арга хэмжээ. Би Биллийн өмнөөс хэлж чадахгүй ч гэсэн өөрийнхөө хувьд хэзээ ч Эпштейний аралд очих бүү хэл тийшээ зүглэж ч байгаагүй. Өнөө оройн гүтгэлгийг хүртэл намайг хэн ч, бүр хуурамч мэдээлэл цацдаг хэвлэлүүд ч ингэж буруутгаж байгаагүй” хэмээн бичжээ.
Дараа нь тэр Өмнөд Африкаас гаралтай Ноаг шүүхэд өгөхөөр сүрдүүлсэн байна.
“Би энэ хөөрхий, өрөвдмөөр, авьяасгүй, тэнэг хөтлөгчийг шүүхэд өгөхөөр өмгөөлөгчөө явуулах болно. Бэлэн байгаарай Ноа, би чамтай хөгжилдөх болно!” гэж Трамп бичжээ.
Конгрессын баталсан хуулийн дагуу АНУ-ын хууль зүйн яам Эпштейний хэргийн бүх баримт материалыг олон нийтэд ил болгоод байгаа.
Уг материалд ерөнхийлөгч Трампын нэр олон зуун удаа дурдагдсан нь ил болсон. Тэрбээр Эпштейн агсантай олон жилийн өмнө дотно нөхөрлөж байснаа хүлээн зөвшөөрдөг ч түүний гэмт үйлдэлд огт оролцож байгаагүй, энэ талаар юу ч мэддэггүй байснаа баталдаг.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!