Уншиж байна ...

Энэтхэг улс Оросын газрын тосыг авахаа зогсоохыг амласны хариуд АНУ худалдааны татвараа бууруулахаар болжээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нар хоёр улсын худалдааны гэрээг шинэчлэн байгуулахаар болсноо өчигдөр зарлажээ.

Тухайлбал Энэтхэгийн тал хоорондын худалдааны саадыг арилгахаа амласны дараа АНУ тус улсын бараа бүтээгдэхүүнд ногдуулаад байсан 25 хувийн импортын татвараа 18 хувь болгон бууруулахаар болсон байна.

Үүнээс гадна Оросын газрын тосыг авахаа зогсоох амлалтын хариуд нэмэлтээр ногдуулаад байсан 25 хувийн импортын татвараа цуцлахаар болжээ.

Оросын газрын тосыг худалдаж авахаа зогсоох шахалтыг нь биелүүлэхээс татгалзсан Энэтхэг улсыг Трамп өнгөрсөн оны наймдугаар сард нэмэлт 25 хувийн татвараар шийтгэснээр нийт бараа бүтээгдэхүүнийх нь импортын татвар 50 хувьд хүрээд байсан юм.

АНУ-тай тохиролцоонд хүрсэндээ “баяртай” байгаагаа ерөнхий сайд Моди өчигдөр сошиал хуудсаараа мэдэгджээ.

Өглөө нь Модитой утсаар ярьсан Трамп “Тэрбээр Оросын газрын тосыг худалдаж авахаа зогсоож, оронд нь АНУ-аас, магадгүй Венесуэлээс илүү их газрын тос авахаар болсон” гэж мөн сошиал хуудсандаа бичсэн байна.

Үүнээс гадна Моди эрчим хүч, технологи, хөдөө аж ахуй, нүүрс зэрэг АНУ-ын $500 тэрбумаас дээш дүнтэй бараа бүтээгдэхүүн худалдаж авахаар болсныг Трамп мэдээлжээ.

“Энэхүү гайхалтай мэдэгдлийнх нь төлөө Энэтхэгийн 1.4 тэрбум хүний өмнөөс ерөнхийлөгч Трампад маш их баярлалаа. Дэлхийн хоёр том эдийн засаг, дэлхийн хамгийн том ардчилсан улсууд хамтран ажиллах нь манай ард түмэнд ашиг тусаа өгч, харилцан ашигтай хамтын ажиллагааны асар их боломжийг нээх болно” гэж Моди мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын худалдааны дайнд адилхан нэрвэгдсэн Энэтхэг, Европын Холбоо хоёр хоорондын бүх бараа бүтээгдэхүүний татварыг бууруулах чөлөөт худалдааны гэрээ байгуулсан юм.

 

Эх сурвалж: BBC