Боливи улсад нисэх онгоц осолдсоны улмаас 15 хүн амь үрэгдэж, их хэмжээний шинэ мөнгөн дэвсгэрт алдагджээ
Баасан гарагт Боливи улсын нийслэлийн ойролцоо шинээр хэвлэсэн мөнгөн дэвсгэртүүдийг тээвэрлэж явсан ачааны нисэх онгоц осолджээ.
Үүний улмаас 15 хүний амь үрэгдсэнээс гадна онгоцноос их хэмжээний мөнгө алдагдсан нь олз ашиг хайсан олон зуун хүнийг ослын газарт цуглуулсан байна.
Тус улсын батлан хамгаалахын сайд Марсело Салинасын мэдээлснээр бол шинээр хэвлүүлсэн мөнгөн дэвсгэрт тээвэрлэж явсан Hercules C-130 загварын нисэх онгоц нийслэл Ла Паз хотын ойролцоох Эль Алто хотын нисэх буудалд газардах үеэрээ зурвасаас гарч, шатаж эхэлжээ. Гэхдээ гал сөнөөгчид галыг бага байхад нь унтрааж чадсан байна.
Онгоц унахдаа ойролцоох хурдны зам дээр явж байсан 15 автомашиныг дайран гэмтээжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн хэд нь онгоцонд, хэд нь автомашинд байсныг тус улсын эрх баригчид мэдээлээгүй байна.
Боливийн агаарын хүчний генерал Серхио Лора онгоцны багийн зургаан гишүүний хоёр нь Баасан гарагийн оройн байдлаар олдоогүй байгааг мэдээлжээ.
Сошиал ертөнцөд тарсан зургуудад онгоцноос алдагдсан дэвсгэртүүдийг түүхээр олон зуун хүн ослын газарт цугларч, цагдаа нар тэднийг тараахаар оролдож байгааг харуулсан байна.
Албаны эх сурвалжийн мэдээгээр бол 500 гаруй цэрэг, 100 цагдаагийн ажилтан хүмүүсийг тараах, ослын газрыг хамгаалалтад авах ажилд дайчлагджээ.
Боливийн төв банкны ерөнхийлөгч Давид Эспиноза алдагдсан мөнгөн дэвсгэртүүд “хэзээ ч гүйлгээнд орохгүй тул хууль ёсны ач холбогдолгүй” гэж мэдэгдсэн ч энэ нь яг юу гэсэн утгатай болохыг тайлбарлаагүй байна.
Тэрбээр мөнгөн дэвсгэртүүдийг гадаадад хэвлүүлээд нийслэл хотод тээвэрлэн хүргэж байсныг баталсан ч хэр хэмжээтэй байсныг хэлэхээс татгалзжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
