Ираны хариу агаарын цохилтод Дубай хотын тансаг ангиллын зочид буудал өртжээ

Т.Давааням, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ, Израилийн явуулсан байлдааны ажиллагааны хариуд Ираны зэвсэгт хүчин Ойрх Дорнод даяар оршдог АНУ-ын цэргийн баазууд болон тэдгээрийн байрладаг улс орнуудад хариу агаарын цохилт өгсөн юм.

Уг цохилтод цэргийн баазуудаас гадна иргэний байгууламжууд өртсөн байна.

Тухайлбал Арабын Нэгдсэн Эмират Улсын гол хот Дубайд оршдог “Fairmont The Palm” тансаг ангиллын зочид буудал халдлагад өртжээ.

Дубай хотын эрх баригчид халдлагын улмаас буудлын барилга шатахад дөрвөн хүн шархадсан ч галыг хяналтдаа авсныг мэдээлсэн байна.

Дубайгаас гадна тус улсын нийслэл Абу Даби хотод устгагдсан нисгэгчгүй онгоц орон сууцны барилгын дээрээс унасны улмаас зарим материаллаг хохирол учирч, нэг иргэн амиа алдсаныг Арабын Нэгдсэн Эмират Улсын эрх баригчид мэдээлсэн юм.

Катар, Бахрейн, Йордан, Кувейт улсууд бас Ираны пуужингийн халдлагад өртжээ.

Бахрейний нийслэл Манама хотод байрладаг АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний тавдугаар флотын төв байрны ойролцоо гал гарч байгааг сошиал сүлжээнд тарсан зураг, дүрснүүд харуулж байна.

Энд ямар хохирол учирсан талаар АНУ-ын тал одоогоор мэдээлэл өгөөгүй байна. Ойрх Дорнод дахь АНУ-ын хамгийн том бааз болох Аль-Удейдыг чиглэсэн хэд хэдэн пуужинг аюулгүй болгосныг Катарын батлан хамгаалах яам мэдээлжээ.

Кувейтийн нийслэлийн олон улсын нисэх онгоцны буудал Ираны нисгэгчгүй онгоцны халдлагад хөнгөн гэмтэж, хязгаарлагдмал хэмжээний хохирол учирсныг тус улсын албаныхан мэдээлсэн байна.

Иракийн Эрбил хотын ойролцоох АНУ-ын цэргийн баазыг чиглэсэн нисгэгчгүй онгоцыг буудаж унагасныг Пентагон мэдээлжээ.

Йордан улсын эрх баригчид нутаг дэвсгэрийг нь чиглэсэн Ираны хоёр баллистик пуужинг устгаснаа баталсан байна.

АНУ нь Ойрх Дорнодын бүс нутагт 13 орчим цэргийн баазтай бөгөөд тэдгээрт 30,000-40,000 орчим цэрэг байрладаг.

 

Эх сурвалж: BBC