Умард Солонгосын төв хэвлэл удирдагчийнхаа охины бай буудаж буйг харуулсан гэрэл зургийг нийтэлжээ
Умард Солонгосын төв хэвлэл өчигдөр тус улсын удирдагч Ким Жон Уны өсвөр насны охин дурантай буугаар бай буудаж буйг харуулсан гэрэл зургийг нийтэлжээ.
Тус улсын дараагийн удирдагчаар бэлтгэгдэж буй гэгддэг Ким Жү Эй өмнө нь зөвхөн аавтайгаа болон бусад албаны хүмүүстэй хамт авхуулсан зургаа албан мэдээнд нийтлүүлдэг байсан тул энэ нь маш ховор үзэгдэл юм.
Солонгосын Төв Мэдээний Агентлаг бас түүний аавынхаа хажууд дурангаар буудсан байгаа шалгаж буйг харуулсан зургийг тараасан байна.
“Ким Жү Эй буудах чадвартайг онцолж үзүүлсэн нь түүнийг залгамжлагчийн сургалтад хамрагдаж байгааг харуулах зорилготой байж болзошгүй” гэж Сөүл хотын Умард Солонгосын Судалгааны Их Сургуулийн ахлах профессор Ян Мү Жин тайлбарлажээ.
Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын тагнуулын алба Ким Жон Ун охиноо залгамжлагчаар бэлдэж эхэлсэн тухай мэдээлж байсан бол дээрх гэрэл зураг энэ дүгнэлтийг баталсан хэрэг болж байна.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
