Прокурорын байгууллагаас нэгдүгээр сарын 26-30-ныг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48,682 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Энэ хугацаанд 1,953 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 860 хэрэг шинээр нээж, 321 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал:
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 140
- Өмчлөх эрхийн эсрэг 66
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 91
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг зургаа
- Хүний амьд явах эрхийн эсрэг тав
- Хүрээлэн байгаа орчны эсрэг дөрөв
- Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гурав
- Эдийн засгийн болон Авлигын гэмт хэрэг тус бүр хоёр
- Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг тус бүр нэг байна.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Б.Т нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг худалдан ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдалгүй, шалгалтад тэнцсэн мэтээр гэрчилгээ гаргуулан авч, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
Б.М нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа нь бусадтай нэгдэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол Улсад байхгүй, Улсын бүртгэлийн газарт өөрийн биеэр ирээгүй байхад Ц.Г-ийн нэр дээр гадаад паспорт гаргаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
О.З, Т.Б, Д.Т нар нь Pokerrr2 аппликейшн ашиглан “Lion Club” гэх нэртэй клуб нээн, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом буюу цахим покер тоглоомыг зохион байгуулсан, улмаар уг ажиллагаанаас олсон ашгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор банк бус санхүүгийн байгууллага байгуулан, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
Т.С нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан “каннабис” гэх нэршилтэй 129.2 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
Н.А нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан 1.3 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
Л.Ө нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй олсны ургамлыг хууль бусаар түүж бэлтгэн, шавар гэх нэршилтэй бодисыг гарган авч бусдад худалдан борлуулах зорилгоор тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлснийг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!