Уншиж байна ...

Оросын тал Украины эсрэг дайнд Старлинк ашиглаж байсныг таслан зогсоосноо Илон Маск мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт тэрбумтан Илон Маск өөрийнх нь SpaceX компанийн Старлинк интернэтийн системийг Оросын тал Украины эсрэг дайнд “зөвшөөрөлгүй” ашиглаж байсныг зогсоох арга хэмжээ авснаа мэдээлжээ.

Бараг дөрвөн жил үргэлжилж буй дайны турш Украины арми тулааны талбарын харилцаа холбоо, нисгэгчгүй онгоцны жолоодлого зэрэгт хиймэл дагуулын Старлинк интернэтийн хэдэн арван мянган терминалыг ашиглаж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт тэд Оросын алсын тусгалын дроноос Старлинкийн терминалыг илрүүлсэн бөгөөд үүнийг таслан зогсоох зорилгоор SpaceX компанитай хамтран ажиллаж эхэлснээ мэдээлсэн юм.

“Оросын тал Старлинкийг зөвшөөрөлгүй ашиглаж байгааг зогсоохын тулд бидний авсан арга хэмжээ үр дүнд хүрсэн бололтой. Хэрвээ илүү зүйл шаардлагатай бол бидэнд мэдэгдээрэй” гэж Маск өчигдөр Х хуудсандаа бичжээ.

Өчигдөр үүнээс тусдаа гаргасан мэдэгдэлдээ Украины батлан хамгаалахын сайд Михаил Федоров зөвхөн эрх бүхий терминалуудыг Украины нутаг дэвсгэрт ажиллуулах системийг боловсруулж байгаа талаар дурджээ.

“Украин улс Старлинктэй хамтран Оросын нисгэгчгүй онгоцнуудын эсрэг хурдан үр дүнд хүрэх эхний алхмуудыг хэдийнээ авч нэвтрүүлээд байна. Дараагийн алхам бол зөвхөн эрх бүхий терминалуудыг Украины нутаг дэвсгэр дээр ажиллуулах системийг нэвтрүүлэх юм” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн байна.

2024 оны хоёрдугаар сард SpaceX компани Старлинкийг ОХУ-д зардаггүй, нийлүүлдэггүй, “Оросын засгийн газар болон зэвсэгт хүчинтэй ямар ч төрлийн бизнес эрхэлдэггүй” гэсэн мэдэгдлийг гаргаж байсан юм.

Оросын эзлэн түрэмгийлэх дайн эхэлсний дараахан 2022 онд Киевийн эрх баригчдын хүсэлтээр тус компани Украины нутаг дэвсгэрт Старлинк үйлчилгээгээ нээж байжээ.

 

Эх сурвалж: Reuters