Уншиж байна ...

АНУ халдан довтолбол “бүс нутгийн хэмжээний дайн” дэгдэхийг Ираны удирдагч анхаарууллаа

Т.Давааням, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ нутаг дэвсгэрт нь халдвал “бүс нутгийг хамарсан дайн” дэгдэх аюултайг Ираны шашны дээд удирдагч Аятолла Али Хамени өчигдөр анхааруулжээ.

Сүүлийн үед Трампын засаг захиргаа их хэмжээний цэрэг зэвсгийн хүчийг Ойрх Дорнодын бүс нутагт төвлөрүүлээд байгаа билээ.

“Энэ удаа дайн эхлүүлбэл тэр нь бүс нутгийн хэмжээний дайн байхыг тэд мэдвэл зохино” гэж сүүлийн 37 жил Ираныг хязгааргүй эрхтэй захирсан 86 настай шашны тэргүүн Тегеран хотын төвд болсон арга хэмжээний үеэр хэлжээ.

Тэрбээр Франц улсад цөлөгдөөд байсан Аятолла Рухолла Хомейни 1979 онд Иранд буцаж ирсний түүхэн ойд зориулсан арга хэмжээний үеэр цугларсан хүмүүсийн өмнө ингэж хэлсэн байна.

Хомейни ирснийхээ дараа Исламын хувьсгалыг эхлүүлж, Ираны хаан ширээнд сууж байсан Мохаммад Реза Шах Пахлавийг түлхэн унагасан юм.

Хомейнийг хожим нас барахад Хамени залгамжилж, Ираны дээд удирдагч болж байжээ.

Ираны асар их газрын тос, байгалийн хийн нөөцийг АНУ “залгихыг” хүсэж байгааг Хамени өчигдөр анхааруулаад саяхан болж өнгөрсөн олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг гадаадаас дэмжлэгтэй “төрийн эргэлттэй төстэй” байсныг хэлсэн юм.

“Саяхны бослого нь төрийн эргэлттэй төстэй байлаа. Мэдээж бид төрийн эргэлтийг дарсан. Тэдний зорилго нь улс орны удирдлагын гол төвүүдийг устгах байсан бөгөөд энэ шалтгаанаар тэд цагдаа, засгийн газрын байрууд, Хувьсгалт гвардын байгууламжууд, банкууд, сүм хийдүүдэд халдаж, коран судрын хуулбаруудыг шатаасан юм” гэж Хамени хэлжээ.

Үүний дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улс цөмийн гэрээ байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.

Хаменигийн анхааруулгын талаар тодруулахад Трамп “Мэдээж тэр ингэж хэлэх нь аргагүй. Бид гэрээ байгуулж чадна гэж би бодож байна. Хэрвээ гэрээ байгуулахгүй бол түүний ярьсан зүйл үнэн эсэхийг бид шалгах болно” гэж хариулжээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд Тегераны дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөн Иран даяар эхэлсэн юм.

АНУ-д төвтэй хүний эрхийн байгууллага уг хөдөлгөөнийг эрх баригчид нухчин дарах үеэр 6,713 хүн алагдсан гэж үзэж байна. Үүнээс гадна 17,000 орчим үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаагаа мэдээлсэн.

Иргэдийн тэмцлийн хүрээг хязгаарлахын тулд Тегераны дэглэм интернэт сүлжээг хаасан тул Иранд болж буй үйл явдлын талаар мэдээлэл олж авахад хүндрэлтэй байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан тэмцлийн үеэр амиа алдсан бүх хүмүүсийн нэр, мэдээллийг ил болгохоо амласан ч тодорхой хугацаа хэлээгүй байна.

Ням гарагт Ираны парламентын танхимд хатуу чиг шугам баримтлагч гишүүд Хувьсгалт Гвардын цэргийн дүрэмт хувцас өмсөөд “Америкт Үхэл” гэсэн уриаг хоолой нийлүүлэн хашхирч байлаа.

Өнгөрсөн долоо хоногт Ираны Хувьсгалт Гвардыг террорист байгууллагын жагсаалтад оруулах шийдвэрийг Европын Холбоо гаргасны хариуд тэд ийм арга хэмжээ зохион байгуулжээ.

Исламын хувьсгалын дараа Ираны шинэ дэглэмийг хамгаалахын тулд дээд удирдагч өөрийн дэргэд Хувьсгалт Гвардыг үүсгэн байгуулж байв.

Тэр үеэс хойш энэ байгууллага асар том зэвсэгт хүчин болон хувирснаас гадна Ираны эдийн засагт томоохон байр суурь эзлэх болжээ.

 

Эх сурвалж: Reuters