Уншиж байна ...

Эпштейний материалуудын сүүлчийн хэсэг нийтлэгдэхэд Билл Гэйтс, Илон Маск, Британийн хунтайж нарын нэрс ил болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
40 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бэлгийн хүчирхийлэгч агсан Жеффри Эпштейний хэргийн баримт материалуудын сүүлчийн хэсгийг АНУ-ын хууль зүйн яам Баасан гарагт нийтэд ил болголоо.

Нийт гурван сая хуудас бичиг баримт, 180,000 гэрэл зураг, 2,000 дүрс бичлэг үүнд багтжээ.

“Өнөөдрийн мэдээлэл нь Америкийн ард түмэнд ил тод байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилготой баримт материалуудыг тодорхойлох, хянах цогц үйл явцын төгсгөл болж байна” гэж ерөнхий прокурорын орлогч Тодд Бланш хэлсэн юм.

Нийтлэгдсэн материалууд дотор Эпштейн агсан болон нэр алдар, эрх мэдэлтэй хүмүүсийн хооронд харилцсан имэйлүүд олноор багтсан байна.

Нью-Йоркийн нэртэй санхүүч агсан Эпштейн 2008 онд 14 настай охиныг бэлгийн харилцаанд орохыг ятгасан хэргээр Флорида мужийн шүүхээс ял сонсож байсан юм.

Тэрбээр сүүлд илүү өргөн хүрээтэй бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдаад шалгагдаж байхдаа 2019 онд шоронд амиа хорлож байжээ.

Баасан гарагт ил болсон зарим материалуудаас онцлон хүргэж байна.

 

Эпштейн агсан Британийн язгууртанд Орос эмэгтэйг санал болгож байжээ

Имэйлдээ Эпштейн “гүнтэн” гэж нэрлэсэн хүнтэй харьцаж байсныг Британийн хаан Чарлъзын төрсөн дүү, хунтайж Эндрью гэж үзэж байна.

Тэдний хооронд маш дотно агуулгатай захидлууд дамжиж байсан бөгөөд Эпштейн нэг удаа гүнтэнд 26 настай орос эмэгтэйтэй танилцуулах санал тавьж байжээ.

Энэ захидал Эпштейнийг анх удаа ял сонссоноос хойш хоёр жилийн дараа буюу 2010 оны наймдугаар сард бичигдсэн байна.

Ил болсон материалууд дотор газар хэвтсэн эмэгтэйн дээрээс дөрвөн хөллөж, өвдөглөсөн Эндрьюгийн гэрэл зураг байгаа юм.

Бас Эндрьюгийн экс гэргий Сара Фергюсонтой харилцсан Эпштейний имэйлүүд ил болжээ.

Нэг захидалдаа Фергюсон түүнийг “миний эрхэм, онцгой найз Жеффри” гэж бичсэн бол бас нэг захидалдаа “домог” гэж нэрлээд маш их бахархаж явдгаа илэрхийлсэн байв.

Эпштейнтэй харилцаж байсан гадаад хүмүүсийн дотор Словакийн ерөнхий сайдын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Мирослав Лайчак багтжээ.

Тэд захидалдаа эмэгтэйчүүдийн талаар хөнгөн яриа өрнүүлж, ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой удахгүй хийх уулзалтын талаар ярилцсан байв.

Дээрх баримт ил болсны дараа Лайчак ерөнхий сайд Фикогийн нэр хүндийг сэвтээхгүйн тулд албан тушаалаасаа огцрох болсныг мэдэгджээ.

 

Трампын нэр хэдэн зуун удаа давтагджээ

Шинээр нийтлэгдсэн материалуудад АНУ-ын ерөнхийлөгчийн нэр хэдэн зуун удаа давтагдсан байв.

Трамп олон жилийн өмнө Эпштейнтэй нөхөрлөдөг байснаа хүлээдэг ч гэм буруутай үйлдэлд оролцож байснаа үгүйсгэдэг.

Бас Эпштейн агсныг залуу охид бүсгүйчүүдийг бэлгийн мөлжлөгт ашигладгийг мэддэггүй байснаа баталдаг юм.

Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн АНУ-ын тэргүүн хатагтай Меланиагийн баримтат киноны найруулагч нь Эпштейний дэргэд залуу эмэгтэйг тэвэрсэн байгааг харуулсан гэрэл зураг сая ил болсон материалуудад багтсан байна.

АНУ-ын Ардчилсан Намын улс төрчид Трампыг өөртэйгөө холбоотой баримтуудыг ил болгосон материалуудаас хассан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа. Тэрбээр хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлснээс хойш Эпштейний хэргийн материалуудыг ил болгоход удаан хугацаанд саад учруулж байсан ч өнгөрсөн оны сүүлээр Конгрессын шахалтаар холбогдох хуулийг нь баталсан юм.

 

Илон Маск “зэрлэг үдэшлэг” хэзээ болохыг Эпштейнээс асууж байжээ

Шинэ материалуудад дэлхийн хамгийн баян хүн Илон Маск болон Эпштейн нарын хооронд харилцсан захидлууд багтжээ.

Өмнө нь Маск талийгаач санхүүч түүнийг хувийн эзэмшлийн аралдаа урьсан ч татгалзаж байснаа баталж байв.

Гэвч 2012 онд бичсэн захидалдаа тэр Эпштейнээс “Танай арал дээр болдог хамгийн зэрлэг үдэшлэг хэзээ вэ?” гэж асуусан байна.

Зул сарын баяраар бичсэн энэ захидалдаа Маск “Би энэ жил маш их ачаалалтай ажилласан тул баярын дараа хүүхдүүдээ буцаачхаад Сэйнт Бартс юм уу өөр хаа нэг газар наргиж, биеэ бүрэн амраамаар байна” гэж бичжээ.

Тэрбээр бас “арал дээр нам гүм хэвтэх” нь түүний хүсэж байгаагийн эсрэг зүйл болохыг нэмж бичсэн байв.

Гэхдээ Эпштейний арал дээр Маск очсоныг батлах баримт ил болоогүй байна.

Бямба гарагт Маск сошиал хуудсандаа “зарим имэйлүүдийг буруугаар тайлбарлаж, миний нэрийг гутаахад ашиглаж болзошгүйг би сайн мэдэж байсан. Энэ надад хамаагүй. Гэхдээ Эпштейний ноцтой гэмт хэрэг, ялангуяа залуу охидыг бэлгийн мөлжлөгт ашигласан хэрэгт намайг яллахыг оролдож байгаа нь хамгийн ноцтой юм” гэж бичжээ.

 

Билл Гэйтс орос эмэгтэйгээс бэлгийн замын халдварт өвчин авсан тухай

Майкрософт компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гэйтстэй холбоотой ноцтой баримт сая нийтлэгдсэн материалуудад багтжээ.

Тухайлбал 2013 оны долдугаар сарын 18-ны өдөр Эпштейний ноороглосон имэйлд “орос бүсгүйчүүдтэй бэлгийн харилцаанд орсны дараа авсан өвчнийг нь эмчлэх эм Гэйтст хэрэг болсон” тухай бичсэн байв.

Гэхдээ уг имэйлийг Гэйтст илгээсэн эсэх нь тодорхойгүй байна.

“Эрхэм Билл” гэж хаягласан өөр нэг имэйлд Гэйтс авсан өвчнөө тухайн үед гэргий нь байсан Мелиндагаас нуухыг оролдож байгаа талаар бичжээ.

Гэйтсийн хэвлэлийн төлөөлөгч дээрх материалуудыг “ямар ч утга учиргүй, бүрэн худал” хэмээн үгүйсгээд “эдгээр нь Эпштейн агсан Гэйтсийг харилцаагаа тасалсанд бухимдаж, түүнийг урхидах, гүтгэхийг чармайж байсныг харуулж байна” гэж тайлбарлажээ.

 

Эх сурвалж: BBC