Уншиж байна ...

Украин шинэ ээлжийн яриа хэлэлцээ зарласны дараа Оросын дрон уурхайчдын автобусанд халдаж, 12 хүний амийг хөнөөв

Т.Давааням, ikon.mn
1 цаг 50 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Оросын нисгэгчгүй онгоц уурхайчдыг тээвэрлэж явсан автобусанд халдсаны улмаас 12 хүний амь үрэгдсэнийг Украины албаныхан мэдээлжээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский бараг дөрвөн жил үргэлжилж буй дайныг зогсоох асуудлаар АНУ-ын зуучлалтай шинэ ээлжийн яриа хэлэлцээ товлогдсоныг зарласнаас хойш хэдхэн цагийн дараа уг халдлага болсон байна.

Тус улсын зүүн өмнөд бүсийн Днепропетровск мужид болсон уг халдлагыг Украины ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Денис Шмыгаль эрчим хүчний салбарын ажилчдыг чиглэсэн “зорилтот аллага” байсан гэж мэдэгджээ. Халдлагад өртсөн автобус ээлжээсээ буусан уурхайчдыг тээвэрлэж явсан байна.

Энэ өвлийн турш Оросын арми Украины эрчим хүчний дэд бүтцийг сүйтгэх зорилтот агаарын довтолгоонуудыг явуулж байгаа.

АНУ-ын зуучилсан Украин, Оросын гурван талт яриа хэлэлцээ анх удаа нэгдүгээр сарын сүүлээр Абу-Даби хотод зохион байгуулагдсан ч эзлэгдсэн газар нутгийн асуудлаар тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй.

Оросын тал аж үйлдвэрийн бүс нутаг Донбассаас цэргээ татаж, бүхлээр нь шилжүүлж өгөхийг Украины талаас шаардаж байгаа.

Дөрвөн жил орчим хугацаанд дайтахдаа Оросын арми энэ бүс нутгийг бүрэн эзэлж чадаагүй, зарим хэсгийг нь Украины тал хянасан хэвээр байгаа юм.

Харин Киевийн эрх баригчид эзлэгдсэн газар нутгаа өгөхөөс эрс татгалзаж байна.

Шинэ ээлжийн гурван талт яриа хэлэлцээ Лхагва гарагт Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу-Даби хотод эхлэхийг Зеленский өчигдөр зарласан юм.

Өнгөрсөн долоо хоногт хүйтний эрч чангарсантай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нэг долоо хоногийн хугацаанд Украины эрчим хүчний байгууламжуудыг бөмбөгдөхөө түр зогсоохыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинээс хүссэн тухайгаа мэдэгдэж байв.

Дараа нь Кремлийн хэвлэлийн алба Трампын хүсэлтээр Оросын тал ажиллагаагаа Ням гараг хүртэл зогсоож байгааг мэдэгдсэн.

Украин энэ хугацаанд ижил хариу арга хэмжээ авахаа бас мэдэгдээд байв.

Ням гарагт Украинд агаарын температур Цельсийн -15 хэм орчимд хэлбэлзэж байжээ.

Хэдийгээр өнгөрсөн өдрүүдэд эрчим хүчний байгууламжуудыг чиглэсэн халдлага гараагүй ч төмөр зам болон бусад иргэний байгууламжид халдлага үргэлжилснийг Зеленский өчигдөр мэдээлсэн байна.

Тухайлбал Ням гарагийн шөнө зүүн өмнөд бүсийн Днипро хотын нэг барилгад Оросын дрон халдсаны улмаас хоёр хүний амь үрэгдсэн бол Запорожье мужид төрөх эмнэлэг, орон сууцнууд дроны цохилтод өртөх үеэр есөн хүн шархадсаныг орон нутгийн албаныхан мэдээлжээ.

Ням гарагийн үдээс хойших байдлаар нийслэл Киев хотод 700 орчим орон сууцны барилга халаалтгүй байгааг Украины засгийн газрын шадар сайд Олексий Кулеба мэдээлсэн байна.

Ойрын өдрүүдэд Киевт цаг агаар улам хүйтэрч, Даваа гарагт агаарын температур Цельсийн -20 хэм хүрэх төлөвтэй байгаа юм.

Украины эрчим хүчний яамны өчигдөр өгсөн мэдээллээр тус улс өнгөрсөн нэгдүгээр сард өдрийн 41.987 гигаватт эрчим хүч импортолсон нь түүхэн дээд хэмжээ болжээ.

 

Эх сурвалж: Reuters