Уншиж байна ...

Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбооноос Орос, Беларусийн залуучуудын багт тавьсан хоригоо цуцлав

Э.Тэмүүлэн, iKon.mn
19 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (UWW)-ноос ОХУ болон Беларусийн залуучуудын шигшээ багийн эрхийг сэргээхээр болжээ.

Энэ шийдвэр нь Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ноос ОХУ болон Беларусийн паспорттой залуу тамирчдыг цаашид хязгаарлалт тавихгүй байх зөвлөмжийн дагуу гаргаж байна.

Холбооны удирдлагууд энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт уулзсан бөгөөд улмаар ОУОХ-ны зөвлөмжийг хэрэгжүүлэхээр болсноо зарласан байна.

Ингэснээр u15, u17, u20, u23 насны ангилалд тус хоёр улсын тамирчид өөрсдийн туг далбааг ашиглах, тамирчид нь алтан медаль хүртвэл төрийн дуулал эгшиглэх боломж бүрджээ.

Мөн медалийн чансаанд багийн амжилтаар бүртгэх юм.

Өнгөрсөн жилээс Орос, Беларусийн тамирчид холбооны нэр дээр тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн.

Хэдийгээр залуу тамирчдыг улсынхаа нэрийн өмнөөс тэмцээнд оролцох эрх сэргээх зөвлөмж гаргасан ч холбооноос зохион байгуулах аливаа хурал, уулзалтад тус хоёр улсын төлөөлөгчдийг оролцуулахгүй байх шийдвэр хэвээр үргэлжилнэ.

Түүнчлэн Оросын нутагт олон улсын тэмцээн зохион байгуулахыг хориглосон зөвлөмж хэвээр байгаа юм. Харин энэ зөвлөмж Беларусьд хамааралгүй аж.

 

Эх сурвалж: UWW