Уншиж байна ...

АНУ-ын албаныхантай нууцаар уулзсан салан тусгаарлагчдаа Канад улсын эрх баригчид “ эх орноосоо урвагчид” гэж нэрлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
32 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Канадын Альберта мужийн салан тусгаарлах хөдөлгөөний идэвхтнүүд саяхан АНУ-ын засаг захиргааныхантай уулзсан тухай мэдээ хэвлэлээр цацагдсан юм.

Үүнийг “эх орноосоо урвасан” хэрэг гэж үзэж байгаагаа Бритиш-Колумбиа мужийн захирагч өчигдөр мэдэгджээ.

“Гадаад улсад очоод Канадыг хуваахад тусламж хүсэхийг хуучны ойлголтоор урвалт гэдэг. Канадыг сулруулах, хуваах, энэ зорилгоор ялангуяа Канадыг хүндэлдэггүй ерөнхийлөгчтэй улсаас тусламж хүсэх нь зохисгүй хэрэг юм” гэж Бритиш-Колумбиа мужийн захирагч Дэвид Эби сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна.

Альбертаг тусгаарлах хүсэлтэй үндсэрхэг үзэлтнүүд АНУ-ын төрийн департаментын албан хаагчидтай уулзсан тухай анх Файнэншел Таймс сонин мэдээлсэн юм.

Газрын тосоор баялаг Альберта мужийн хүн амын цөөнх хэсэг Канадын холбооны засгийн газарт татвар төлөхийн оронд тусгаар тогтнож, өөртөө илүү их мөнгө зарцуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлсээр ирсэн байдаг.

Тэдний санааг хүн амын олонх дэмждэггүй. Одоо уг хөдөлгөөнийхөн бүх нийтийн санал асуулга явуулахын тулд Альберта даяар дэмжигчдийн гарын үсэг цуглуулж байгаа юм.

Тэд хэрвээ санал асуулга амжилттай болбол шинэ улс үүсгэн байгуулахын тулд АНУ-ын сангийн яамнаас $500 тэрбумын зээл авах талаар ил тод ярьдаг.

“Бид канадчуудын үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ манай үзэсгэлэнт газар нутгийг салгах санаархалд цэг тавих ёстой гэж би бодож байна” гэж Эби уг санал асуулгын талаар мужийн захирагч нарын уулзалтын үеэр хэлжээ.

Уг уулзалтад оролцсон Альберта мужийн захирагч Даниэл Смит санал тусгаарлах санааг няцааж, “Канадын бүрэлдэхүүнд хүчирхэг, бүрэн эрхт Альберта байхыг” дэмжиж байгаагаа мэдэгдсэн байна.

Онтарио мужийн захирагч Даг Форд энэ үеэр салан тусгаарлагчдын эсрэг хатуу байр суурь баримтлахыг Смитэд уриалжээ.

Өнгөрсөн долоо хоногт “Real America’s Voice” консерватив вэб сайтад өгсөн ярилцлагадаа АНУ-ын сангийн сайд Скотт Бессэнт салан тусгаарлах хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа хэлсэн юм.

“Тэдэнд их нөөц баялаг бий. Альбертачууд маш их бие даасан хүмүүс. Тэд Канадаас салан тусгаарлах эсэх талаар санал асуулга явуулах гэж байгаа гэж сонссон. Хүмүүс энэ талаар ярьж, тусгаар тогтнолыг хүсэж байна. Тэд АНУ-д байдаг юмыг хүсэж байна” гэж тэр ярьжээ.

Зарим шинжээчид Альбертагийн энэ жижиг хөдөлгөөнийг АНУ ашиглахаас болгоомжилж байна.

Мөргөлдөөн судлаач Томас Хомер-Диксон өмнө нь энэ талаар хэвлэлд ярихдаа Канадыг гаднын хүчний тусламжтай тогтворгүйжүүлэх гэсэн “тавдугаар цуваа” улам бүр бодитой аюул болж байгааг анхааруулжээ.

Тухайлбал санал асуулгын үр дүн эсрэгээр гарвал Трамп үүнийг “хуурамч” гэж маргах, Альберта муж АНУ-ын 51 дэх муж болох ёстойг бусад канадчуудад харуулахын тулд Монтана мужийн хойд хилд цэрэг байрлуулах зэрэг арга хэмжээ авч болзошгүй гэж үзэж байна.

“Бид ийм төрлийн арга хэмжээнүүдийг саармагжуулах урьдчилсан бэлтгэлтэй байх ёстой. Яг одоо бид энэ талаар огт санаа зовохгүй байна” гэж Хомер-Диксон ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian