Уншиж байна ...

Франц улс “гэрлэлт нь бэлгийн харилцаанд орох үүрэг биш” гэсэн зарчмыг хуулиар баталгаажуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Франц улсын эрх баригчид “гэрлэлтийн эрх” буюу гэрлэлт нь “бэлгийн харилцаанд орох үүрэг” гэсэн уламжлалт ойлголтыг эцэс болгох хуулийг баталжээ.

Лхагва гарагт Үндэсний Ассамблей тус улсын иргэний хуульд “хамтын амьдрал” нь “бэлгийн харилцааны үүрэг хариуцлага” үүсгэдэггүйг тодорхой илэрхийлсэн заалт нэмж оруулжээ.

Ингэснээр энэ хуулиар бэлгийн харилцаанд орохгүй байхыг гэр бүл салалтын үндэслэл болгох боломжгүй болгосон байна.

Санаачлагчид нь энэхүү хууль гэр бүлийн хүчирхийллийг зогсооход хувь нэмэртэй гэж үзэж байгаа ажээ.

“Ийм эрх үүргийг хэвээр хадгалснаар бид нөхрийн давамгайлал, эхнэртээ хүч хэрэглэхийг дэмжсэн тогтолцоог дуу нэгтэй зөвшөөрсөн хэрэг болж байгаа юм. Гэрлэлт нь бэлгийн харилцаанд орох үүргийг насан туршид нь хүлээлгэдэг албадлагын чанартай зүйл байж болохгүй” гэж хуулийн төслийг санаачлагч, Ногоон намын гишүүн Мари-Шарлотт Гарин тайлбарласан байна.

Францын өмнөх иргэний хуульд гэрлэлтийн үүргийг “хүндэтгэл, үнэнч байдал, дэмжлэг туслалцаа” гэж тодорхойлсон ч бэлгийн харилцааны эрх үүргийн талаар “хамтын амьдрал” гэсэн ганцхан нэр томьёогоор дурдсан байдаг гэнэ.

Дээрх ойлголтын гарал үүсэл нь дундад зууны үеийн шашны номлол сургаалаас үүдэлтэй юм байна.

Орчин үеийн нийгэмд гэр бүл салгах маргааны үеэр дээрх “хамтын амьдрал” гэсэн ойлголтыг бэлгийн харилцаанд орох эрх үүрэг хэмээн тайлбарлаж иржээ.

Тухайлбал 2019 онд болсон гэр бүл салгах шүүх хурлын үеэр нэг эмэгтэй хэдэн жилийн турш нөхөртэйгөө бэлгийн харилцаанд орохоос татгалзсан шалтгаанаар буруутгагдаж байсан юм.

Эмэгтэй сүүлд Европын Хүний Эрхийн Шүүхэд давж заалдаад өнгөрсөн онд Францын шүүхийг буруутгасан дүгнэлт гаргуулж байжээ.

Үүнийг фэминист хөдөлгөөний идэвхтнүүд “чухал ахиц дэвшил” хэмээн тэмдэглэж байв.

Европын Хүний Эрхийн Шүүхийн дүгнэлтийн дараа Францын шүүгчид өмнөхтэйгөө ижил шийдвэр гаргах боломжгүй болсон тул хуулиа өөрчилж байгаа юм байна.

 

Эх сурвалж: BBC