Персийн буланд цэрэг, зэвсгийн томоохон хүчийг төвлөрүүлснийхээ дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаар яриа хэлэлцээ явуулах хугацаа дуусаж байгааг Ираны эрх баригчдад анхааруулжээ.
Тэрбээр бүс нутагт төвлөрсөн өөрийн тэнгисийн хүчийг Ираны чиглэлд “аугаа хүч, урам зориг, зорилготойгоор хөдөлж буй асар том Армада” гэж тодорхойлсон байна.
Үүний хариуд Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи тус улсын зэвсэгт хүчин хуурай газар болон тэнгисийн аливаа түрэмгийлэлд “шууд бөгөөд хүчтэй хариу үйлдэл үзүүлэхийн тулд хуруугаа гохон дээр тавиад” байгааг мэдэгджээ.
АНУ болон түүний холбоотнууд Ираны эрх баригчдыг цөмийн зэвсэг бүтээхийг санаархаж байгаад буруутгадаг бол тэд өөрсдөө үүнийг “цэвэр энхийн зорилготой хөтөлбөр” гэж баталдаг.
Трампын сүүлийн анхааруулга нь Тегераны шашны дэглэм ард иргэдийнхээ эсэргүүцэл тэмцлийг хүчээр нухчин дарж, олон мянган хүний амийг хөнөөсний дараа гарч байна.
Трамп эхлээд Ираны тэмцэгчдэд “тусламж айсуй” хэмээн мэдэгдэж, дэмжихээ илэрхийлж байсан ч сүүлд жагсагчдыг цаазлах шийдвэрээ цуцалсан Тегераны эрх баригчдыг сайшааж байв.
АНУ-д төвтэй хүний эрхийн HRANA (Human Rights Activists News Agency) байгууллагын тооцоолсноор арванхоёрдугаар сарын сүүлээр эхэлсэн тэмцлийн турш 5,925 жагсагчийг оролцуулаад нийтдээ 6,301 хүний амь үрэгдсэн гэнэ.
Иранд интернэт хаагдаад бараг гурван долоо хоног болж буй тул HRANA өөр 17,000 орчим хүний үхлийн шалтгааныг тогтоох ажил удааширч байгааг мэдээлжээ.
Норвегид төвтэй Ираны Хүний Эрхийн байгууллага IHR амиа алдсан хүмүүсийн эцсийн тоо 25,000-аас давж магадгүйг анхааруулсан байна.
Трампын сүүлийн мэдэгдлээс тэр одоо Ираны цөмийн хөтөлбөрт илүү анхаарч байгаа нь харагдаж байна.
“Иран хурдан ширээний ард сууж, шударга, тэгш яриа хэлэлцээ эхлүүлнэ гэдэгт би найдаж байна. ЦӨМИЙН ЗЭВСЭГ БАЙХ ЁСГҮЙ” гэж тэр сошиал хуудсандаа бичжээ.
Ингэхдээ тэр Персийн буланд төвлөрүүлсэн тэнгисийн хүч нь Венесуэлийн ерөнхийлөгч Мадурог түлхэн унагахад оролцсон хүчнээс илүү том болохыг мэдэгдсэн байна.
Өнгөрсөн оны зургаадугаар сард АНУ-ын агаарын хүчин Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгч байсан. Трамп өчигдөр үүнийг дурдахдаа “Дараагийн цохилт үүнээс ч илүү хүчтэй байх болно. Үүнийг давтуулах хэрэггүй” гэж анхааруулжээ.
Эх сурвалжуудын хиймэл дагуулын зураг дээр хийсэн шинжилгээгээр одоо Йорданы Муваффакийн Агаарын Баазад хамгийн багадаа 15 сөнөөгч онгоц ирээд байгаа юм байна.
Үүнээс гадна Йордан, Катар дахь болон Энэтхэгийн далайн Диего Гарсиа агаарын баазуудад байлдааны нисэх онгоцнууд нэмэгдэж ирсээр байгаа гэнэ.
Трампын нэрлэсэн “Армада” нь USS Abraham Lincoln нисэх онгоц тээвэрлэгч тэргүүтэй тэнгисийн байлдааны хөлгүүдийн бүлэг юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!