Бараг дөрвөн жил үргэлжилж буй дайны турш Орос, Украины талуудын амь үрэгдэж, шархдаж, сураггүй алга болсон цэргүүдийн тоо энэ хаврын байдлаар нийтдээ хоёр саяд хүрэх тооцоог Америкийн судлаачид гаргажээ.
Вашингтонд төвтэй CSIS (Center for Strategic and International Studies) судалгааны хүрээлэнгийн тооцоолсноор Оросын нийт хохирлын хэмжээ 1.2 сая орчим, үүний 325,000 нь амь үрэгдсэн гэсэн байна.
Харин Украины алагдсан, шархадсан, сураггүй алга болсон цэргийн нийт тоо 600,000 орчимд хүрсэн гэж дүгнэжээ.
Украины дайн эхэлсэн цагаас хойш дайтагч талуудын аль аль нь хохирлын хэмжээгээ нууцалж, албан ёсны тоо баримт зарлахгүй байгаа.
Кремлийн хэвлэлийн алба өчигдөр CSIS-ийн тайланг “найдвартай эх сурвалж биш” гэж мэдэгдээд ийм тоо баримтыг зөвхөн ОХУ-ын батлан хамгаалах яам гаргах эрхтэйг илэрхийлсэн байна.
CSIS хүрээлэн энэ судалгаагаа Өрнөдийн болон Украины албан тушаалтнуудтай хийсэн ярилцлага, Оросын хараат бус эх сурвалжуудын цуглуулсан мэдээлэл зэрэгт үндэслэн боловсруулжээ.
Түүхэн тоо баримтуудтай харьцуулахад энэ дайны хохирлын хэмжээ асар их байна.
CSIS тайландаа “1980-аад оны үед Афганистанд амссан Зөвлөлтийн хохирлоос 17 дахин, Оросын Чеченьд явуулсан нэг, хоёрдугаар дайны үеийнхээс 11 дахин, дэлхийн хоёрдугаар дайнаас хойших Орос, Зөвлөлтийн явуулсан бүх дайны нийт дүнгээс тав дахин их” гэж Украины дайны хохирлын хэмжээг харьцуулжээ.
Оросын хохирлын хэмжээг Украиныхаас 2.5:1, эсвэл 2:1 орчим харьцаагаар давсан гэж дүгнэсэн байна.
Гэхдээ нөгөө талаас хүн амын хэмжээтэй нь харьцуулбал Украины хохирлын хэмжээг бага гэж үзэх үндэсгүй юм.
Москвагийн эрх баригчид хохирлоо нөхөхийн тулд өндөр цалин хангамж, тэтгэмжийн багцыг ашиглаж байгаа.
Үүнээс гадна Ази, Өмнөд Америк, Африкийн мянга мянган эрчүүдийг янз бүрийн аргаар Украины фронт руу илгээж байна.
Тэдний ихэнх нь өндөр цалинтай ажлын байрны амлалтад хууртан дайнд татагдан орсон гэгдэж байгаа.
Украины тал ч бас хүн хүчний хомсдолд орж, цэргийн алба хаах насны хязгаарыг өөрчлөх маргаантай санал яригдаж байна.
Талуудын хохирлын хэмжээнээс үл хамааран Оросын хяналтын нутаг дэвсгэрийн тэлэлт төдийлөн ахицгүй байгаа.
CSIS хүрээлэнгийн тайланд дурдсанаар 2024 оноос хойш Оросын арми байлдааны талбарт хамгийн ахицтай байсан ч өдөрт дунджаар 15-70 метр давшиж байжээ.
Үүнийг CSIS “орчин үеийн бараг бүх томоохон дайны давшилтаас удаан” гэж дүгнэсэн байна.
Оросын арми өнгөрсөн оны сүүлээр Украины зүүн хэсэг, Днипропетровск мужийн чиглэлд зарим ахиц гаргасан ч өвлийн улирал, Украины армийн хүчтэй эсэргүүцэл зэргийн улмаас удаашраад байгаа.
DeepState ажиглалтын группийн гаргасан мэдээллээр Оросын зэвсэгт хүчин энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 25-ны хооронд 152 км.кв талбайтай газар нутаг эзэлсэн нь өнгөрсөн оны гуравдугаар сараас хойших хугацааны хамгийн удаан давшилт болжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!