Уншиж байна ...

Прагийн амьтны хүрээлэн Монгол Улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх санамж бичиг байгуулжээ

А.Төгөлдөр, iKon.mn
4 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн болон Прагийн амьтны хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ энэ сарын 26-ны өдөр Монгол Улс дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яаманд болжээ. 

Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын олон жилийн хамтын ажиллагаа болох тахь нутагшуулах төслийн шинэ үе шат эхэлж байгаа аж. 

Энэ үеэр БНЧУ-ын Элчин сайд Ян Вытопил "Санамж бичигт гарын үсэг зурсан нь Прагийн амьтны хүрээлэнгийн хувьд тахийг Монголын зүүн хэсэгт дахин нутагшуулах урт хугацааны, амжилттай хүчин чармайлтын бас нэгэн чухал үе шат болж байна. Бид дипломат төлөөлөгчийн газрын хувьд энэхүү төслийг дэмжин ажиллаж байгаадаа баяртай байна" гэжээ. 

зураг
 

Харин Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга “Зэрлэг адууг эргэн нутагшуулах нь төслийн гол бүрэлдэхүүн хэсэг нь Нөмрөгийн дархан цаазат газар дахь Сүмийн хоолой дахь судалгаанд төвлөрч, ШУА-тай хамтын ажиллагаагаа шинээр бэхжүүлж буй явдал юм. Хамтарсан судалгаа нь тухайн нутгийн амьтны аймаг, байгаль орчны шинж чанар, түүнийг хамгаалах арга замын талаар нэн чухал ойлголтыг өгөхийн зэрэгцээ Чех, Монголын мэргэжилтнүүдийн хооронд үнэ цэнтэй туршлага солилцох, байгаль хамгаалах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах болно" гэсэн байна. 

Ташрамд дурдахад, Прагийн амьтны хүрээлэн тахийг эргэн нутагшуулах ажлыг 2011 онд эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар тус улсад буй сүргийн тоо толгой ойролцоогоор 800-д хүрчээ.