Уншиж байна ...

Сицилийн нэг хотын зах хүчтэй шуурганы дараа ангалын ирмэгт тулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 23 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Италийн Сицили арлын толгод дээр оршдог нэг жижиг хотод хүчтэй хар салхины дараа маш аюултай нөхцөл байдал үүсжээ.

Ням гарагт тус хотын нэг захад хөрсний нуралтын улмаас дөрвөн километр урт үргэлжилсэн ангал үүсэж, ангалын ирмэг дээр байгаа орон сууцнуудаас 1,500 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Ангал цаашдаа улам өргөжиж, хотын төвийг залгиж магадгүй гэсэн айдас түгшүүр хүмүүсийн дунд бий болжээ.

“Азаар хүн бэртэж гэмтээгүй, зөвхөн байшин барилгуудад хохирол учраад байна” гэж Сицили арлын өмнөд хэсэгт оршдог Нишеми хотын захирагч Массимиллиано Конти мэдэгдсэн байна.

Даваа гарагийн орой Сицилийн онцгой байдлын албаны ерөнхий захирал Сальваторе Кочина “50-70 метрийн зай дотор орших бүх байшин нурах төлөвтэй” байгааг мэдээлжээ.

зураг
 

Мягмар гарагт 25,000 орчин суугчтай Нишеми хотын сургуулиуд хаалттай, тэнгисийн эргийн Гела хоттой холбодог замыг хаасан байв.

Нүүлгэн шилжүүлсэн иргэдийн зарим нь төрөл төрөгсдийндөө, зарим нь спортын танхимд хоёр шөнийг өнгөрөөсөн байна.

Өнгөрсөн долоо хоногт Харри хар салхи дайрсны дараа Италийн засгийн газар тус улсын өмнөд мужуудад онц байдал зарласан юм. Хүчтэй хар салхины улмаас энэ бүс нутагт их хэмжээний хур тунадас орж, 9 метрийн өндөр давлагаа үүссэн байна.

Сицили, Калабриа, Сардини мужуудад зам харгуй, барилга байгууламжууд эвдэрч, эргийн амралтын газрууд ихээхэн хохирол амссан юм.

Энэ удаагийн байгалийн гамшгийн учруулсан нийт хохирлын хэмжээг нэг тэрбум евро давсан гэж үзэж байна.

Засгийн газар гамшигт хамгийн хүнд нэрвэгдсэн бүсүүдэд туслах зорилгоор эхний ээлжид төсвөөс 100 сая евро гаргахаар болжээ.

Сицили арал дангаараа 740 сая еврогийн хохирол амссан гэх урьдчилсан тооцоо гарсан байна.

 

Эх сурвалж: Reuters