Уншиж байна ...

Францын парламент 15 хүртэл насны хүүхдүүдийн сошиал медиа хэрэглээг хориглох чиглэлд эхний алхмаа хийлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон саяхан 15 хүртэл насны хүүхэд багачуудын сошиал медиа хэрэглээг хориглох санаачилга гаргасан юм.

Өчигдөр тус улсын парламентын доод танхим ерөнхийлөгчийнхөө санаачилсан хуулийн төслийн гол зарчмуудыг дэмжиж, ойрын үед бүрэн эхээр нь хэлэлцэж, санал хураалт зохион байгуулахаар болжээ.

Гэхдээ хууль хүчин төгөлдөр болохын тулд парламентын дээд танхим Сенатын дэмжлэг хэрэгтэй.

Хуулийн төсөл бүрэн дэмжигдвэл Францын хүүхэд багачууд Snapchat, Instagram, TikTok зэрэг сошиал платформуудыг хэрэглэх боломжгүй болох юм.

Сүүлийн жилүүдэд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд учруулж буй хор хөнөөлийн талаар нотлох баримт улам бүр нэмэгдэж, дэлхий нийтээрээ хүүхдийн сошиал медиа хэрэглээг хориглох, хязгаарлах талаар ярьдаг болоод байгаа.

Анхны ийм хууль өнгөрсөн оны сүүлээр Австрали улсад үйлчилж эхэлсэн.

“Эдгээр платформууд хүмүүсийг нэгтгэнэ гэж амласан ч салгаж байна. Тэд хэрэгтэй мэдээлэл өгнө гэж амласан ч хэрэггүй мэдээллээр булж байна. Тэд зугаацуулахаар амласан ч хүмүүсийг улам холдуулж байна” гэж хуулийн төслийг санаачлагчдын нэг, парламентын гишүүн Лаура Миллер хэвлэлд ярьжээ.

Ерөнхийлөгч Макрон ирэх есдүгээр сард шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө уг хуулийг батлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

“Бид хүүхдүүдийнхээ сэтгэц болон оюун санааны эрүүл мэндийг зөвхөн тэднээс мөнгө олох зорилготой хүмүүст даатгаж болохгүй” гэж тэр өнгөрсөн сард хэлж байв.

Хуулийн төсөлд тусгаснаар Францын хэвлэл мэдээллийн зохицуулах байгууллага хор хөнөөлтэй гэж үзсэн сошиал платформуудын жагсаалтыг танилцуулах юм байна.

Ингэснээр тэдгээрийн хэрэглээг 15 хүртэл настай хүүхдүүдэд шууд хориглох юм.

Үүнээс гадна арай бага хор хөнөөлтэй гэж үзсэн сайтуудын жагсаалтыг гаргах ба эдгээрт эцэг эхийн зөвшөөрлөөр ханддаг байх гэнэ.

Хуулийн өөр нэг зүйл нь ахлах сургуулиудад гар утас хэрэглэхийг хориглох тухай юм. Одоо энэ хориг бага болон дунд сургуулиудад хэрэгжиж байгаа.

Хэрвээ хуулийн төсөл батлагдвал Францын эрх баригчид хэрэглэгчийн насыг баталгаажуулах системтэй болох ёстой.

Ийм систем порнограф сайтуудад үйлчилж байгаа.

Австралийн жишээг одоогоор Европын Дани, Грек, Испани, Ирланд зэрэг улсууд дагахаар судалж байна.

Энэ сарын эхээр Их Британийн засгийн газар бас 16 хүртэл насны хүүхдүүдийн сошиал хэрэглээг хориглох асуудлаар зөвлөлдөх хэлэлцүүлэг эхлүүлсэн юм.

 

Эх сурвалж: BBC