АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүний импортын татварыг одоогийн 15 хувиас 25 хувь болгон өсгөхөөр сүрдүүлжээ.
“Солонгосын хууль тогтоох байгууллага бидний тохиролцсон түүхэн худалдааны гэрээг батлахгүй байгаа тул би Өмнөд Солонгосын автомашин, модон материал, эм зэрэг бусад бүх бараа бүтээгдэхүүний харилцан татварыг 15-аас 25 хувь болгон нэмэгдүүлж байна” гэж Трамп сошиал хуудсандаа бичсэн юм.
Гэхдээ энэ өөрчлөлт хэзээ хэрэгжиж эхлэх талаар тэр хугацаа дурдаагүй байна.
Өмнөд Солонгос бол АНУ-ын гадаад бараа бүтээгдэхүүний нэг гол эх үүсвэр бөгөөд 2024 онд $132 тэрбумын бараа нийлүүлснийг худалдааны яамны тоо баримт харуулдаг.
АНУ-д экспортолдог гол бүтээгдэхүүн нь автомашин, автомашины эд анги, хагас дамжуулагч, электрон бараа байдаг юм.
Хэрвээ Трамп импортын татварыг өсгөвөл дээрх бүтээгдэхүүнүүд америкчуудын гарт хүрэхдээ илүү өндөр үнэтэй болох эрсдэлтэй.
Трамп долдугаар сард Өмнөд Солонгосын эрх баригчидтай худалдааны гэрээ шинэчлэн байгуулах нөхцөлөө тохиролцож байв.
Гэхдээ Трамп аль нэг улсын импортын татварыг дураар өөрчлөхийг оролдвол АНУ-ын дээд шүүх хориг тавьж болзошгүй байгаа.
Хэрвээ ингэвэл энэ нь тухайлан нэг улсыг онцолж импортын татварыг өсгөх Трампын эрх мэдлийг хязгаарлах жишиг болж тогтох юм.
Трамп саяхан өөрийн хойд хөрш Канадын бараа бүтээгдэхүүнд 100 хувь, Гринландыг нэгтгэхийг эсэргүүцэж буй Европын орнуудад нэмэлт 10 хувийн татвар ногдуулахаар сүрдүүлж байв.
Гэхдээ тэр Европын орнуудыг өндөр татвараар шийтгэх санаанаасаа ухарсныг өнгөрсөн долоо хоногт Давост зарласан юм.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!