Өчигдрөөс эхлэн тооцоолсон хэмжээгээр хоёр цагийн хугацаатай цахилгаан хязгаарлаж эхлээд байгаа юм. Нэгдсэн сүлжээний горим ажиллагаа болон хязгаарлалттай холбоотой мэдээллийг өнөөдөр ДҮТ ТӨХХК-аас шууд дамжууллаа.
Диспетчерийн үндэсний төвийн Төв диспетчерийн албаны ахлах инженер н.Наранбаатар дараах мэдээллийг өглөө.
Яг өнөөдрийн нийт хэрэглээ 1,500МВт байна. Тухайлбал 304МВт-ийг ОХУ-аас, ДЦС-4 583МВт 7 зуухтай, Бөөрөлжүүтийн станц 108МВт-ийн ачаалал авсан байна.
ОХУ-тай холбогдсон системийн хамгийн дээд авах чадвар нь 310МВт-аар хязгаарлагддаг. Дээш авах юм бол шугамын гэмтэл гарч тасрах аюултай аж.
Одоогийн байдлаар ДЦС-4-н 7-р зууханд гэмтэл гарснаас болж 100 орчим МВт-ын эрчим хүч дутуу үйлдвэрлэгдэж байгаа юм байна. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станц дээр нүүрсний хангамж асуудалтай байгаа учир бүрэн ачааллаа авч чадахгүй байгаа аж.
Нэгдсэн сүлжээ ойролцоогоор 300 орчим МВт-ын дутагдалд ороод байгаа юм байна. Иймд байгаа бүх нөөцөө шавхаад хэрэглэгчид 100 орчим МВт-ын хязгаарлалтыг хийгээд байгаа юм байна.
Хэрэглэгчид энэхүү нөхцөл байдлыг ойлгож өөрт шаардлагагүй байгаа цахилгаан эрчим хүчийг хэмнэхийг уриаллаа.
Энэ өвөл 1,800МВт байхад, бүх эрчим хүчний үйлдвэрүүд хэвийн ажиллаж байх үед цахилгаан хязгаарлахгүй гэх урьдчилсан тооцоо байсан ч гэмтлийн улмаас хязгаарлалт хийж байна гэв.
Бүх станцууд хоорондоо холбогдож ажилладаг учир нэг станц доголдоход систем даяараа чадлын дутагдалд ордог аж.
Цахилгаан хязгаарлахаас өмнө урьдчилсан хэрэглээгээ тооцоолж үүнтэй дүйцэх хэмжээний эх үүсвэрүүдийг гаргаж чадах эсэхээ тооцоолж хэдэн МВт орчим хэрэглээ хязгаарлахаа урьдчилж гарган түгээх сүлжээ компаниуддаа мэдэгддэг байна. Үүний дагуу түгээх сүлжээ компаниуд хэрэглэгчдэдээ зараа түгээж хоёр цаг орчмоор ээлжилж хязгаарлах тооцоотой явж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!