Сири улсын зүүн хойд хэсэгт байрладаг Камишли агаарын баазаас Орос улс цэргийн хүчээ татаж эхэлснийг Даваа гарагт Ройтерс агентлаг Дамаскийн албаны таван эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.
Сүүлийн хэдэн өдөр Оросын тал энэ баазаас байлдааны тоног төхөөрөмж, хүнд зэвсэг техникүүдээ Сирийн баруун эрэгт оршдог Хмеймим агаарын бааз руу шилжүүлэн тээвэрлэсэн гэнэ.
Оросын цэргийн бүрэлдэхүүний зарим хэсэг Хмеймимд үлдэж, бусад нь эх орондоо буцах болсныг албаны нэг эх сурвалж мэдээлжээ.
Оросын цэргүүд 2019 оноос хойш Камишли агаарын баазад байрлаж байсан юм.
Сирийн Курд үндэстний бүс нутгийн төвд байрладаг энэ бааз тус улсын зүүн хойд нутгийг хянах гол цэг, ложистикийн төв болдог.
Оросын энэ алхам нь Сирийн шинэ удирдлага улс орноо бүхэлд нь хяналтдаа авахыг хичээж буй цаг үетэй давхцаж байна.
Энэ сард ерөнхийлөгч Ахмед аль-Шараагийн цэргүүд Сирийн хойд болон зүүн хэсэгт Курдийн тэргүүлдэг Сирийн Ардчилсан Хүчин зэвсэгт бүлэглэлээс их хэмжээний газар нутгийг шилжүүлэн авсан юм.
Хоёр тал Бямба гарагт гал зогсоох хугацаагаа 15 хоногоор сунгах тохиролцоонд хүрсэн байна.
14 сарын өмнө Башар аль-Ассадын дэглэмийг түлхэн унагасан Сирийн шинэ удирдлага эхэндээ Москватай өмнөх засгийн газрын байгуулсан гэрээг хүндэтгэж, Хмеймим агаарын бааз, Тартус боомтыг Оросын цэргүүдэд үргэлжлүүлэн ашиглуулахаа амлаж байв.
Гэхдээ Орос улс Сири дэх зуучлагчийн байр сууриа алдаж, Дамаскийн эрх баригчид Курдүүдтэй хийх тэмцлээ эрчимжүүлсэн нь Камишли баазаас гарах шалтгаан болсон гэж Оросын Олон Улсын Харилцааны Зөвлөлийн шинжээч Антон Мардасов тайлбарлаж байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!