АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч USS Abraham Lincoln хөлөг байлдааны гол хүчээ дагуулан Ираны ойролцоо Ойрх Дорнодын бүс нутагт орж иржээ.
Үүнтэй холбогдуулан Ираны эрх баригчид АНУ, Израилийн болзошгүй хамтарсан цохилтод бэлдэж эхэлсэн гэж ажиглагчид үзэж байна.
Тегераны дэглэм ард түмнийхээ эсэргүүцлийг харгис хэрцгийгээр дарж, олон мянган хүний амийг хөнөөсөнд буруутгагдаж байгаа.
АНУ-ын байлдааны хөлгүүд одоогоор эцсийн байрлалдаа хүрээгүй ч Иранд пуужингийн цохилт өгөх хэмжээний зайд орж ирсэн байна.
Иранчуудын ихэнх нь 1979 оны Исламын хувьсгалаар тус улсад тогтсон шашны дэглэмийг хүчтэй эсэргүүцэх болсон. Хэдийгээр арванхоёрдугаар сарын 28-нд эхэлж, Иран даяар хагас сар гаруй хугацаанд үргэлжилсэн иргэдийн тэмцэл намжсан ч АНУ, Израилийн цохилтын дараа дахин сэргэх нь тодорхой байна.
Даваа гарагт Ираны хөрөнгийн зах зээлийн индексүүдийн уналт нэг өдрийн түүхэн дээд хэмжээндээ хүрчээ.
Арабын Нэгдсэн Эмират зэрэг бүс нутгуудын улсууд Ираны эсрэг довтолгоонд агаарын орон зай, харьяаллын тэнгисийн усаа ашиглуулахаас татгалзсан.
Гэхдээ USS Abraham Lincoln тэргүүтэй цохилтыг бүлэглэл Газар дундын тэнгист ирсэн нь ийм ажиллагаа явуулахад тийм олон гуравдагч этгээдийн зөвшөөрөл хэрэггүй гэсэн үг юм.
Өнгөрсөн оны зургаадугаар сарын 12-нд явуулсан ажиллагаагаар АНУ, Израилийн зэвсэгт хүчин Ираны цөмийн байгууламжуудад довтолсон.
Харин энэ удаа Тегераны удирдагчдын байрлалд довтлох магадлал илүү өндөр байна.
Сүүлийн удаагийн тэмцэл эдийн засгийн хүндрэлийг тэвчихгүй болсон ард иргэдийн бухимдлаас үүдэлтэй байлаа. Өнгөрсөн сард Ираны албан ёсны инфляц 60 хувьд хүрсэн юм.
Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Бахаей долоо хоног тутмын хэвлэлийн хурлын үеэр тус улсын зэвсэгт хүчин “бүх шилжилт хөдөлгөөнийг анхааралтай хянаж” байгаа, хэрвээ хүч хэрэглэвэл энэ нь “олон улсын хууль дүрэмд харшлах” тул “аливаа түрэмгийлэлд иж бүрэн, харамсахуйц хариу арга хэмжээ авах болно” гэж мэдэгдсэн байна.
Хүний эрхийн Human Rights Activitists байгууллагын тооцоолсноор Иранд гарсан тэмцлийн үеэр амиа алдсан хүний тоо 5,419 хүрсэн бөгөөд өөр 17,000 орчим хүний үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.
Иран даяар нэгдүгээр сарын 8-ны өдрөөс хойш интернэт тасарсан тулд тус улс дотор болж буй үйл явдлын талаар мэдээлэл олж авахад хүндрэлтэй байгаа.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!