Өмнөд Солонгосын брэндүүд кино жүжигчин, к-поп од Ча Ын Угийн татвараас зайлсхийсэн талаар дуулиан дэгдсэний дараа түүний оролцсон сурталчилгаануудаа зогсоож эхэлжээ.
Тэрбээр ээжийнхээ нэр дээр бүртгэлтэй нууц компанийг ашиглан 20 тэрбум воны ($13 сая) татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй гэх мэдээлэл саяхан тарсан юм.
Шинхан банк, арьс арчилгааны Abib брэнд зэрэг бизнесийн байгууллагууд Чагийн сурталчилгаануудыг сошиал хуудаснаасаа буулгасан байна.
Эрүүл мэндийн BodyFriend компани Чаг өөрийн нүүр царай болгохоо больж, өөр хүнээр орлуулахаар төлөвлөж эхэлснийг хэвлэлүүд мэдээлжээ.
Солонгосын Үндэсний Татварын Алба өнгөрсөн онд ээжийнх нь үүсгэн байгуулсан компани хэрэг дээрээ зөвхөн цаасан дээр бүртгэлтэй компани болохыг илрүүлсний дараа Чад их хэмжээний нэмэлт татвар төлөхийг шаардсан мэдэгдэл хүргүүлсэн талаар Edaily сайт мэдээлсэн байна.
Тус компани Чагийн харьяалагддаг агентлаг Fantagiо-тай энтертайнмент үйл ажиллагааг нь хариуцах гэрээ байгуулж, орлогыг нь цуглуулдаг байжээ. Ингэж дамжуулсны үр дүнд Чад ногдох татварын хэмжээ 20 орчим хувиар багассаныг албаныхан шалгаж тогтоосон байна.
Одоо Чагийн баг татварын албыг эцсийн шийдвэр гаргахаас өмнө дүгнэлтийг дахин хянуулахаар зохицуулах байгууллагад хандаад байгаа ажээ.
Дээрх мэдээг цацагдсаны дараа Fantagio агентлаг “Бид татварын хуулийг тайлбарлах, хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг зохих хууль эрх зүйн хүрээнд идэвхтэй тодруулан ажиллаж байна. Асуудлын гол нь Чагийн ээжийн үүсгэн байгуулсан компани татварын хууль ёсны субъект мөн эсэх явдал юм” гэж мэдэгдсэн байна.
Мөн уг мэдэгдэлд Чаг “хууль дээдлэгч иргэнийхээ хувиар татварын бүх тайлан болон бусад бүх үүргээ үнэнчээр биелүүлсээр байх болно” гэжээ.
Fantagio агентлаг өөрөө бас энэ асуудлын улмаас 8.2 тэрбум воны нэмэлт татварын өрөнд ороод байгаа юм байна.
Astro хамтлагийн гишүүн Ча Ын У нь “My ID is Gangnam Beauty”, “Rookie Historian Goo Hae-ryung” зэрэг телевизийн цувралуудаар алдаршсан жүжигчин юм.
Тэрбээр татварын дуулианд холбогдсон Өмнөд Солонгосын урлагийн алдартнуудын сүүлийн төлөөлөл болж байна.
Өнгөрсөн оны гуравдугаар сард татварын алба жүжигчин Юү Ён Сокоор 7 тэрбум воны нэмэлт татвар төлүүлэх шийдвэр гаргаж байсан бол үүнээс нэг сарын өмнө жүжигчин эмэгтэй И Ха Нигээр 6 тэрбум воны татвар нөхөн төлүүлэхээр болж байв.
Арванхоёрдугаар сард ерөнхийлөгч И Жэ Мюн өндөр орлоготой, чинээлэг иргэдийн татвараас зайлсхийсэн хэргийг илрүүлэхэд илүү их хүчин чармайлт гаргаж ажиллахыг холбогдох албаныханд даалгаж байжээ.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!