АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сарын 8-нд болох Америк хөлбөмбөгийн шигшээ тоглолт болох "Супер боул"-д оролцохгүй гэдгээ илэрхийлжээ.
Энэ талаар Трамп "New York Post"-д өгсөн ярилцлагадаа дурдсаныг тус сонин Бямба гарагт нийтэлсэн байна.
Хойд Калифорнийн "Levi's Stadium"-д болох уг тоглолтод очихгүй болсон шалтгаанаа Трамп "хэтэрхий хол" гэв. Тэрбээр өнгөрсөн жил Нью-Орленст болсон шигшээ тоглолтод зочилсон түүхтэй.
Үүнээс өмнө өнгөрсөн жил Флорида мужид болсон "Daytona 500" уралдаан болон өнгөрсөн долоо хоногт коллежийн америк хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзсэнээс гадна өнгөрсөн есдүгээр сард гольфын "Ryder Cup" тэмцээнийг очиж сонирхож байв.
Трамп NFL-ийн шигшээ тоглолтын хагас цагийн завсарлагын үеэр Пуэрто Рикогийн рэппер Bad Bunny болон рок хамтлаг Green Day үзүүлбэр үзүүлэх болсонд сэтгэл дундуур байгаагаа ярьжээ.
Завсарлагын гол уран бүтээлчээр Bad Bunny-г сонгосон явдлыг Трамп "үнэхээр инээдтэй" гэсэн бөгөөд Ерөнхийлөгчийг дэмжигчид латин уран бүтээлчийг ихэд шүүмжилсэн байна.
Green Day хамтлагийн гоцлол дуучин Билли Жо Армстронг бол Трампын цагаачлалын эсрэг бодлогыг эсэргүүцэж буй хүмүүсийг дэмждэг нэгэн юм.
Трамп уран бүтээлчдэд шүүмжлэлтэй хандсан ч уг тоглолтод оролцохгүй байх шийдвэр нь тэднээс болоогүй гэж мэдэгджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!