Мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн озеки Аонишикигийн ялалтаар өндөрлөлөө.
Тэмцээний 14 дэх өдөр ёкозүна Оносатод дийлдсэн ч 21 настай украин эр ижил цолтой Котозакүраг ялснаар 12 даваа, 3 унаатай болсон юм. Улмаар адил амжилттай тэмцээнийг өндөрлүүлсэн Атамифүжитэй нэмэлт барилдаан хийж, өрсөлдөгчөө давснаар сүүлийн хоёр тэмцээнд дараалан түрүүллээ.
Ийнхүү Аонишики озеки болсон анхны тэмцээндээ түрүүлж буй ес дэх сүмоч болов. Хамгийн сүүлд япончуудаас озеки Точиазүма 2002 оны нэгдүгээр сарын тэмцээнд ийм амжилт үзүүлж байсан бол ёкозүна Хакүхо 2006 оны тавдугаар сарын тэмцээнд озеки цолтой анх удаа барилдаад Эзэн хааны цомын эзэн болсон билээ.
Энэ сарын тэмцээнд үзүүрлэсэн Атамифүжи дайчин барилдааны шагнал хүртэв. Өдгөө 23 настай түүний хувьд тусгай шагналыг гурав дахь удаагаа авч байгаа нь энэ юм. Секивакэ цолтой барилдсан Киришима Б.Лхагвасүрэн 11 даваатай тэмцээнийг өндөрлүүлснээр мөн дайчин барилдааны шагнал хүртсэн бол хоёр ёкозүнаг унагаасан Ёшинофүжи мөн тусгай шагналын эзэн болжээ.
Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн сүүлийн өдөр ижил цолтой Оносатог давснаар 10 даваатай тэмцээнийг дуусгалаа.
Жонокүчи буюу хамгийн доод зиндаанд Асахифүжи Б.Очирсайхан түрүүлжээ. Тэрбээр 2002 онд төрсөн 185 см өндөр, 150 кг жинтэй сүмоч аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!