Уншиж байна ...

"Гадаа битүү утаа, манантай байх нь тухайн өдөр инверсийн үзэгдэл их гэсэн үг"

Д.Янжиндулам, ikon.mn
37 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Агаарын төлөв байдал, инверсийн үзэгдэл, автомашины тооноос хамаарсан агаарын бохирдлыг өмнөх жилүүдтэй харьцуулсан дүгнэлтийг танилцуулав.

Ус Цаг Уур Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэнгийн доктор н.Мөнхжаргал "2024-2025 онд шилжих үед олон жилийн дунджаас дулаан налгар өвөл болж өнгөрсөн бол 2025 оны арванхоёрдугаар сараас 2026 оны нэгдүгээр сарын 15-20-нд олон жилийн дунджаас хүйтэн байлаа. Улаанбаатарт шөнөдөө -38, Увсын -56 хэм хүрч, хүйтэрлээ.

2025-2026 онд агаарын температур их хэлбэлзэлтэй байна. Энэ нь агаарын бохирдолд нөлөөлнө.

Мөн агаарын бохирдолд инверсийн үзэгдэл нөлөөлдөг. Салхи багатай үед газрын гадарга хөрж, дээшлэх тусам агаарын температур нэмэгдэх үйл явцыг инверс гэдэг.

Инверс агаарын бохирдолд хэрхэн нөлөөлдгийг тайлбарлая. Улаанбаатар хотод 2026 оны нэгдүгээр сарын 9-нд дулаан байсан бол нэгдүгээр сарын 15-наас огцом хүйтэрсэн. Үүнээс хойш ид хүйтэрч -36 хэмд хүрсэн. Дулаан байж байгаад хүйтэн болох үед салхи ихтэй, инверсийн эрчимшил бага байлаа. Өөрөөр хэлбэл хүйтэн агаарын температур, дулаан агаарын температурын зөрүү их гэсэн үг. Өвлийн улиралд манай оронд инверс тогтдог. Гэхдээ инверсийн эрчимшил нөлөөлдөг.

2026 оны нэгдүгээр сарын 9-нд Станц, Нэгдүгээр хороололд тоосонцрын хэмжээ их байсан байна. Салхи шуурга ихтэй буюу дулаанаас хүйтэн рүү шилжихэд тоосонцрын хэмжээ буурсан. Инверсийн үзэгдэл орж ирэхээр нийслэлийн ихэнх байршлуудад стандарт түвшнээс бохирдол ихтэй болдог. Иргэдийн хэлдгээр "Салхи ажлаа хийж" агаарын бохирдол багасдаг.

Гадаа битүү утаа, манантай байх нь тухайн өдөр инверсийн үзэгдэл их байгаа гэсэн үг" хэмээн тайлбарлалаа.

Хүйтрэлийн үед нийслэлийн гэр хорооллын нийт айл өрхүүд 3,600 тонн хагас коксон түлш хэрэглэжээ.

Автомашины утаа агаарын бохирдолд хэрхэн нөлөөлж байгаа талаар "Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлснээр 2024-2025 оныг өмнөх онуудтай харьцуулахад автомашины тоо огцом нэмэгдэж байгаа нь агаарын бохирдлыг нэмэгдүүлэх хүчин зүйл юм. 2026 оны нэгдүгээр сарын байдлаар нийслэл хотод 800 гаруй мянган автомашинтай болсон байна.

Судлаачдын загварчилснаар 2024 онд автомашинаас ялгарсан агаарын бохирдлын тархалт төв хэсгээрээ их байсан бол 2025 онд автомашины тоо нэмэгдсэн хэрээр төв хэсгийн бохирдол ихэсжээ. 

Автомашины насжилт их байх тусам агаарын бохирдлын хэмжээг нэмэгдүүлж байна" гэв.

Улаанбаатар хотод өнөөдөр бага зэрэг хүйтрэх төлөвтэй гэж танилцуулав.