Истанбул хотын нэг дүүргийн нутаг дэвсгэрт оршдог хогийн савнаас толгойгүй, хоёр хөлгүй эмэгтэйн цогцос олдсон тухай Туркийн хэвлэлүүд Ням гарагт мэдээлжээ.
Даавуугаар ороосон цогцос Бямба гарагийн орой Сисли дүүргээс олдсон юм байна. Дахин боловсруулах зорилгоор цаасны хаягдал цуглуулж явсан хүн цогцсыг олжээ.
Мөрдөгчид уг эмэгтэй нь 37 настай Узбекистаны иргэн байсныг тогтоосноо сүүлд мэдээлсэн байна.
Тэд одоогоор цогцсын бусад хэсгийг олж чадаагүй байгаа ч гудамжны хяналтын камерын бичлэгээс хоёр эрэгтэй өөр хогийн саванд цүнхтэй зүйл хаяж байгаа дүрсийг олж авсан гэнэ. Уг цүнхэнд юу байсан нь одоогоор тодорхойгүй байна.
Цогцос олдсоноос хойш хэдэн цагийн дараа цагдаа нар Истанбулын нисэх онгоцны буудлаас Узбекистаны иргэд болох хоёр сэжигтнийг саатуулсныг хэвлэлүүд мэдээлжээ. Дараа нь гурав дахь сэжигтэн бас баригдсан байна.
Энэхүү үйл явдлын дараа Туркийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд эсэргүүцэл илэрхийлж, Истанбул, Анкара хотуудад жагсаал зохион байгуулжээ.
Ням гарагт Сисли дүүргийн Османбей метроны өртөөний ойролцоо мянга гаруй хүн цугларч, эмэгтэйн цогцос олдсон газар хүртэл жагссан байна.
Тэд гартаа “Эрэгтэйчүүдийн хүчирхийллийг зогсоо!”, “Алагдсан эмэгтэйчүүдэд шударга ёсыг шаардаж байна!”, “Цагаач эмэгтэйчүүд ганцаардах ёсгүй” гэх мэт уриа бүхий самбар барьсан байв.
“Stop Femicides” хөдөлгөөний нийслэл Анкара хотод зохион байгуулсан ижил зорилготой эсэргүүцлийн жагсаалд хэдэн зуун хүн оролцжээ.
“Гэмт хэрэгтнүүд өөрсдөд нь юу ч тохиолдохгүй гэдэгт маш их итгэлтэй байсан тул алсан эмэгтэйнхээ цогцсыг хогийн саванд ил харагдахаар хаяж чадаж байгаа юм” гэж тус хөдөлгөөний төлөөлөгч Исил Курт мэдэгдсэн байна.
Турк улс эрчүүдийн хүчирхийллийн улмаас амиа алдсан эмэгтэйчүүдийн тоог албан ёсоор гаргадаггүй бөгөөд энэ ажлыг сайн дурын байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгслээс цуглуулсан баримт дээр үндэслэн гүйцэтгэдэг.
“Stop Femidices” хөдөлгөөнөөс гаргасан тоогоор 2025 онд 294 эмэгтэй эрчүүдийн гарт амиа алдаж, өөр 297 эмэгтэй сэжигтэй байдлаар амь үрэгдсэн байна.
Туркийн сөрөг хүчний томоохон улс төрч болох Истанбулын захирагч Экрем Имамоглутай цуг баривчлагдаж, хоригдсон Сисли дүүргийн захирагч Ресул Эмрах Сахан “Шийтгэл хүлээлгэдэггүй, хариуцлага тооцдоггүй, чимээгүй өнгөрөөдөг зэрэг нь фемисидийг улам бүр өсөн нэмэгдэж буй аллага болгон хувиргаж байна” гэж сошиал хуудсандаа харамсан бичжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!