Уншиж байна ...

АНУ-ын хагасыг байгалийн гамшигт үзэгдэл дайрсны улмаас нэг сая гаруй өрх цахилгаан хангамжгүй болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд АНУ-ын нутаг дэвсгэрийн зүүн хагасыг хүчтэй цасан шуурга дайрсны улмаас гудамж замууд хаагдаж, олон мянган нислэг цуцлагдаж, нэг сая гаруй айл өрхийн цахилгаан хангамж тасалдаад байна.

Техасаас Нью Ингланд (АНУ-ын зүүн хойд бүс) хүртэл нутаг дэвсгэрийг хамарч буй цас, бороо холилдсон энэхүү байгалийн гамшигт үзэгдэл хэдэн өдөр үргэлжилж болзошгүйг тус улсын Үндэсний Цаг Уурын Алба анхааруулжээ.

Луизиана мужид хоёр хүн осгож нас барсныг эрүүл мэндийн албаныхан мэдээлсэн бол Техаст бас нэг хүн амиа алдсан байна.

poweroutage.us сайтын мэдээлснээр Ням гарагийн үдээс хойш нэг сая гаруй айл өрхийн цахилгаан хангамж тасарсан байсан бол 10,000 гаруй нислэг цуцлагдсаныг FlightAware сайт мэдээлжээ.

Уг байгалийн үзэгдэлд АНУ-ын 180 сая иргэн буюу хүн амын талаас илүү нь нэрвэгдэх төлөвтэй байна.

Дулаан цаг агаартай бүс нутгуудад борооны дусал газарт хүрэхээсээ өмнө мөстөж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа гэнэ.

Виржиниа мужид 200 гаруй зам тээврийн осол гарсныг албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Нью-Йорк хотын захирагч Зохран Мамдани тус хотод Бямба гарагт таван хүн нас барсныг олсон бөгөөд одоогоор үхлийн шалтгаан байгалийн үзэгдэлтэй холбоотой эсэхийг тогтоогоогүй байгааг сошиал хуудсаараа мэдээлсэн байна.

АНУ-ын бүх мужуудын тал орчим нь онц байдал зарлаж, орон даяар олон сургуулиуд хаалгаа барьжээ. Байгалийн гамшигт үзэгдэл Даваа гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Сенатын танхим Даваа гарагт товлогдсон хуралдаанаа хойшлуулжээ.

Мэргэжилтнүүдийн мэдээлснээр жил бүрийн өвөл Умард Туйл дээр маш хүйтэн агаарын урсгалын эргүүлэг үүсдэг бөгөөд салхи хүчтэй байх үед уг эргүүлэг байрандаа байдаг гэнэ.

Харин салхины хүч сулрах үед уг эргүүлэг өмнө зүгийг чиглэн хөдөлж, дулаан агаартай мөргөлдсөнөөр гамшигт үзэгдэл үүсдэг байна.

Дэлхийн дулаарал, далай тэнгисийн гадаргын температурын өөрчлөлт зэрэг нь Умард Туйлын эргүүлгийн төлөв байдалд цаашдаа улам илүү нөлөөлдөг болж болзошгүйг зарим судлаачид анхааруулжээ.

 

Эх сурвалж: BBC