Уншиж байна ...

PEW: АНУ-ын хүн амын Ази гаралтай иргэдээс хамгийн бага орлоготой нь Монголчууд байна

Т.Давааням, ikon.mn
Өнөөдөр 11 цаг 16 минут
iKon.MN
Зураг зураг

Вашингтонд төвтэй АНУ-ын тинк-танк хүрээлэн Pew Research өнгөрсөн онд тус улсын Ази гаралтай иргэдийн талаар дэлгэрэнгүй судалгааны тайланг нийтэлжээ.

Уг тайланд 2023 оны байдлаарх тоо баримтуудыг дурдсан байна.

Үүнээс АНУ-д оршин суудаг Монгол гаралтай иргэдийн талаар баримтуудыг түүвэрлэн хүргэлээ.

  • АНУ-ын Ази гаралтай иргэдийн тоо 2023 оны байдлаар 24.8 сая байсан нь нийт хүн амын 7 хувь болжээ
  • Үүнээс хамгийн том бүлгүүд нь хятадууд 5.5 сая, энэтхэгүүд 5.2 сая, филиппинчүүд 4.6 сая, вьетнамчууд 2.3 сая, солонгосууд 2 сая, японууд 1.6 сая байна. Энэ зургаан үндэстэн нийлээд АНУ-ын нийт Ази гаралтай иргэдийн 86 хувийг бүрдүүлж байна
  • АНУ-д өөрийгөө Монгол гаралтай гэж мэдүүлсэн 50,000 орчим хүн 2023 оны байдлаар амьдарч байжээ. Гэхдээ үүнээс өөрийгөө өөр ямар нэг үндэстэнтэй хольцгүй, дан Монгол гаралтай гэж мэдүүлсэн 30,000 орчим хүнийг судалгаандаа хамруулсан байна.
  • Америкийн Монголчууд нийт Ази гаралтай хүн амын 0.2 хувийг бүрдүүлж байна.
  • Судалгаанд хамрагдсан Монголчуудын 75 хувь нь цагаачид байжээ. Тэдгээрийн 50 хувь нь АНУ-д 10-аас дээш жил амьдарсан, 32 хувь нь иргэний харьяалал авсан байна.
  • 5-аас дээш настай Монголчуудын 61 хувь нь англи хэлээр чөлөөтэй ярьдаг. Цагаач Монголчуудын хувьд 55 хувьтай байна. Харьцуулбал нийт Ази гаралтай Америкчуудын хувьд энэ үзүүлэлт 74 хувь байна.
  • Монголчуудын хамгийн олон нь буюу 8,000 нь Калифорни мужид оршин суудаг. Дараа нь Иллинойст 6,000, Виржиниад 4,000, Вашингтонд 2,000, Колорадод 1,000 хүн амьдарч байна.
  • Хотоор авч үзвэл Чикагод хамгийн олон буюу 6,000 хүн, Лос Анжелест 4,000, Вашингтон ДС-д 4,000 орчим байна.
  • Монголчуудын голч нас 30.5 байгаа нь нийт Ази гаралтай Америкчуудын голч 34.7-оос бага байгаа юм. Цагаачдын хувьд голч нас 34.8 байна. Тэдгээрийн 16 хувь нь 18 хүртэл, 3 хувь нь 65-аас дээш настай байжээ.
  • Америкийн Монгол өрхүүдийн жилийн орлогын голч үзүүлэлт 2023 оны байдлаар $54,300 байгаа нь нийт Ази гаралтай өрхүүдийн голч $105,600-аас бараг хоёр дахин бага байна.
  • Ази гаралтай өрхүүдийн жилийн орлогын голч үзүүлэлтийг Энэтхэгчүүд $151,200, Тайваньчууд $133,300-аар тэргүүлсэн бол Бирмчүүд $67,600-аар, Монголчууд $54,300-аар хамгийн сүүлд эрэмбэлэгджээ.
  • Харьцуулбал нийт АНУ-ын өрхүүдийн жилийн орлогын голч хэмжээ 2023 оны байдлаар $75,500 байна.
  • Нийт Монгол хүн амын 18 хувь, Монгол цагаачдын 19 хувь ядуурлын түвшинд амьдарч байгаа нь Азийн дунджаас (10 хувь) өндөр байна.
  • Америкийн Монголчуудын орон сууц эзэмшилт 36 хувь байгаа нь мөн нийт Ази хүн амын 62 хувиас бага байна.

Судалгааны дэлгэрэнгүй тайлантай энэ холбоосоор танилцах боломжтой.

 

Эх сурвалж: Pew Research