Уншиж байна ...

Япон улс дэлхийн хамгийн том цөмийн цахилгаан станцаа дахин ажиллуулж эхэлсэн ч хэдхэн цагийн дараа зогсоов

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Япон улс Лхагва гарагт дэлхийн хамгийн том цөмийн цахилгаан станцаа дахин ажиллуулж эхэлсэн юм.

Гэвч хэдхэн цагийн дараа буцааж зогсоохоос аргагүйд хүрсэн байна.

Станцын зургаадугаар реакторыг ажиллуулж эхлэх явцад түгшүүрийн дохиолол дуугарсан тул ийм арга хэмжээ авсныг тус станцыг хариуцагч TEPCO (Tokyo Electric Power Company) компанийн төлөөлөгч Такаши Кобаяши мэдээлжээ. Гэхдээ энэ үед реакторын ажиллагаа хэвийн байсан гэнэ.

2011 оны Фүкүшимагийн гамшгийн дараа Япон улс эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж байсан бүх 54 цөмийн реактораа зогсоож байв.

Тухайн үед 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт, дараа нь үүссэн цүнамигийн улмаас Фүкүшима Дайичи цөмийн цахилгаан станцад осол гарч, гадагш алдагдсан цацраг идэвхт бодисын улмаас 150,000 гаруй хүнийг орон гэрээс нь нүүлгэж байжээ.

Сүүлд аюулгүй байдлын баталгаа өгсөн ч тэдгээрийн нэлээд нь буцаж очоогүй юм.

TEPCO компани түгшүүр дуугарсан шалтгааныг мөрдөн шалгаж байгааг Кобаяши мэдээлсэн ч хэзээ дахин ажиллуулах талаар хугацаа хэлээгүй байна.

Нийгата мужийн нутагт оршдог Кашивазаки-Карива станц долоон реактортай бөгөөд сая зөвхөн зургаадугаар реакторыг ажиллуулж эхэлсэн юм. Долоодугаар реакторыг 2030 оноос наана ажиллуулахгүй гэж тооцоолж байгаа бол үлдсэн таван реакторыг ашиглалтаас гаргаж магадгүй байгаа.

Япон улс 2011 оны гамшгаас өмнө нийт эрчим хүчнийхээ 30 орчим хувийг цөмийн эх үүсгүүрээс хангадаг байсан юм.

Гэвч өнгөрсөн хугацаанд импортын түлшнээс хамаарах хамаарал нэмэгдэж, хүлэмжийн хийг бууруулах төлөвлөгөө нь хугацаандаа хэрэгжихэд хэцүү болсон тул цөмийн станцуудаа дахин ажиллуулж эхлээд байна.

Кашивазаки-Карива бол TEPCO компанийн хувьд 2011 оноос хойш сэргээсэн анхны станц нь юм.

Япон улс 2015 оноос хойш ажиллах боломжтой 33 реакторынхоо 15-ыг дахин сэргээгээд байгаа.

 

Эх сурвалж: BBC