Өчигдөр буюу Пүрэв гарагт Испани улсын зүүн өмнөд хэсэгт зорчигч тээврийн галт тэрэг барилгын өргөгч цамхагтай мөргөлдсөний улмаас хэд хэдэн хүн бэртсэний нэгийнх нь биеийн байдал муу байгааг тус улсын төв телевизийн суваг мэдээлжээ.
Уг осол Мурсиа мужийн Картагена хотод болсон байна.
Ням гарагт Испанийн өмнөд бүсийн Андалуз мужид өндөр хурдны хоёр галт тэрэг хоорондоо мөргөлдөхөд 43 хүний амь үрэгдсэн юм.
Дараа нь Мягмар гарагт зүүн хойд Каталони мужийн Барселон хотын ойролцоо ширүүн борооны улмаас бетон хаалт төмөр зам дээр нурж унахад зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарах үеэр оператор нь амиа алдаж, дөрвөн зорчигч гэмтжээ.
Өчигдрийн ослын үеэр галт тэрэг замаасаа гараагүй, онхолдоогүй ч дөрвөн хүн бэртсэн тухай Мурсиа мужийн онцгой байдлын алба мэдээлсэн байна.
Испанийн төмөр замын оператор компани Adif “төмөр замын үйл ажиллагаанд хамаагүй өргөгч цамхаг замын дэд бүтцэд нэвтэрснээс болсон” гэж ослын шалтгааныг тайлбарлажээ.
Эхний хоёр ослын дараа Испанийн төмөр замчдын үйлдвэрчний эвлэл эрх баригчдаас аюулгүй байдлын стандартыг сайжруулахыг шаардсан ажил хаялтыг орон даяар зарлахаа мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!