Уншиж байна ...

Зеленскийтэй уулзсаныхаа дараа Трамп “дайн дуусах ёстой” гэсэн үгийг Путинд хаяглав

Т.Давааням, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Швейцарын Давост үргэлжилж буй Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы үеэр өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нар уулзжээ.

Бараг дөрвөн жил үргэлжилж буй дайныг зогсоох талуудын дипломат үйл ажиллагаа эрчимжиж байгаа ч Москвагаас ингэхийг хүсэж байгаа гэх шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа.

Украины ерөнхийлөгчтэй нэг цаг орчим үргэлжилсэн уулзалтынхаа дараа Трамп яриа хэлэлцээ “сайн” болсон гэж хэлсэн ч агуулгын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм.

Өмнөх өдөр нь Трамп энхийн гэрээ байгуулах тохиролцоонд “хүрэх магадлалтайг” хэлж байв.

“Ерөнхийлөгч Зеленскийтэй хийсэн уулзалт сайн болсон гэж би бодож байна. Энэ бол үргэлжилж буй үйл явц юм” гэж Трамп сэтгүүлчдэд хэлээд АНУ-ын элч нар яриа хэлэлцээ хийхээр Москвад очиж байгааг дуулгажээ.

Путинд хандаж юу хэлэхийг хүсэж байгааг нь асуухад Трамп “Дайн дуусах ёстой” гэж хэлсэн юм.

Зеленский энэ долоо хоногийн эхээр АНУ-ын аюулгүй байдлын баталгаа болон дайны дараах Украины сэргээн босголтын санхүүжилтийн талаар Трамптай гэрээнд гарын үсэг зурж чадсан тохиолдолд зөвхөн Давост очихоо мэдэгдэж байв. Гэхдээ одоогоор эдгээр чиглэлд ахиц дэвшил гарсан шинж харагдахгүй байна.

Трамп хоёр дахь удаагаа Цагаан ордонд ирснээс хойш хоёр ерөнхийлөгч нийтдээ зургаан удаа нүүр тулан уулзсан бол АНУ-ын засаг захиргаа Украины талаар бодлогоо өөрчилж, ОХУ-тай харилцаагаа сэргээж эхэлсэн.

Өчигдөр өглөө Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы индэр дээрээс Трампын тусгай элч Стив Виткофф үг хэлэхдээ “Хэрвээ хоёр тал үүнийг шийдвэрлэх хүсэлтэй байвал бид шийдвэрлэж чадна. Бид маш их ахиц дэвшил гаргасан гэж би бодож байна” гэж хэлжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд тэр Украины төлөөлөгчидтэй Флоридад уулзсан бол сүүлийн хэдэн өдөр Давост үргэлжлүүлэн уулзаж байгаа.

Өчигдөр орой Виткофф болон Трампын хүргэн Жаред Кушнер нар Путинтэй уулзахаар Москваг зорьсон юм.

Энэ уулзалтын дараа талуудын хэлэлцээрчид шууд Абу Дабид очиж, дараагийн ээлжийн яриаг эхлүүлэхийг Виткофф өчигдөр мэдээлжээ.

Оросын тал АНУ-ын тэргүүлсэн энх тайван тогтоох хүчин чармайлтад төдийлөн нааштай хандахгүй байгаа. Москва дорнод Украины Донбассын бүс нутгийг бүхлээр нь шилжүүлж өгөхийг Киевээс шаарддаг. Оросын арми тулааны талбарт бага хэмжээгээр урагшилж байгаа ч Донбассыг бүрэн эзэлж чадахгүй байгаа юм.

Лхагва гарагийн орой Путин хэлэхдээ АНУ-ын элч нартай Украины асуудлаарх тохиролцоонуудыг хэлэлцэх, Оросын битүүмжлэгдсэн хөрөнгийг эзлэгдсэн нутгийн сэргээн босголтод ашиглах, бас энэ нөөцөөс Трампын санаачилсан “Энх Тайвны Зөвлөл” гэгч байгууллагад байнгын суудал авах $1 тэрбумыг гаргах талаар хэлэлцэх хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байв.

Кремлийн хэвлэлийн алба Виткофф, Кушнер нартай хийх Путиний уулзалт Москвагийн цагаар 19:00-20:00 цагийн хооронд товлогдсоныг өчигдөр мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters