Уншиж байна ...

Өмнөд Солонгосын ерөнхий сайд асан төрийн эсрэг бослогод гол үүрэг гүйцэтгэсэн үндэслэлээр 23 жилийн хорих ял сонсов

С.Мөнхцэцэг, ikon.mn
39 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Сөүл хотын төв дүүргийн шүүх Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлын улс орондоо цэргийн дэглэм тогтоох оролдлогод гол үүрэг гүйцэтгэсэн үндэслэлээр ерөнхий сайд асан Хан Дук Суд 23 жилийн хорих ял оноожээ.

2024 оны арванхоёрдугаар сарын гуравны өдөр гарсан уг оролдлого болон дагалдах үйл явдлыг тус улсын шүүх төрийн эсрэг бослого гэж албан ёсоор үзэх болсон бөгөөд үүнтэй холбоотой анхны яллагдагч нь Хан Дук Су болж байна.

Хэргийг мөрдөн шалгасан тусгай прокурор Чо Ын Сүкийн баг ерөнхийлөгчийг бослогод турхирсан, бослогод гол үүрэг гүйцэтгэсэн, худал мэдүүлэг өгсөн зэрэг үндэслэлээр түүнд 15 жилийн хорих ял төлөвлөснийг шүүх ийнхүү улам хүндрүүлжээ.

Шүүх хурлыг даргалсан шүүгч И Жин Гван нотлох баримтыг устгаж болзошгүй үндэслэлээр ялаа эдэлж эхлэх хүртэл нь ерөнхий сайд асныг цагдан хорих захирамж гаргасан байна.

Ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлыг цэргийн дэглэм тогтоох зарлиг гаргахын өмнө Хан Дук Су засгийн газрын хуралдаан зохион байгуулсан нь түүнийг уг үйл явдалд оролцогч болгож байгааг шүүх тайлбарлажээ.

Хуралдааны үеэр ерөнхий сайд асан ерөнхийлөгчийн зарлигийг эсэргүүцээгүйгээс гадна эрх баригчдад шүүмжлэлтэй ханддаг хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрчим хүч, усны хангамжийг таслах Юн Сүк Ёлын захирамжийг биелүүлэх чиглэлийг дотоод хэргийн сайд И Сан Минд өгсөн гэж буруутгасан байна.

“Шүүгдэгч нь ерөнхий сайдынхаа хувьд ардчилсан ёс, үндсэн хууль, хуулийн засаглалыг шууд бусаар хамгаалахын тулд хүчин чармайлт гаргах үүрэгтэй байсан. Гэсэн хэдий ч тэр арванхоёрдугаар сарын гуравны бослогыг амжилттай болно гэж тооцсоны үндсэн дээр энэ үүргээ үл тоомсорлож, оролцогч нь болохоор шийдсэн” гэж шүүгч дүгнэжээ.

Ерөнхий сайд асан дээрх дүгнэлтийг няцааж, цэргийн дэглэм тогтоох төлөвлөгөөний талаар урьдчилж мэдээгүй байсан, уг шийдвэртэй хэзээ ч санал нийлж, дэмжиж байгаагүй гэж мэдүүлсэн байна.

Өчигдрийн шүүхийн шийдвэр ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлын шүүх хурлын үр дүнд нөлөөлж магадгүй юм.

Өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хурал дээр прокурорын тусгай баг ерөнхийлөгч асанд цаазын ял оноох хүсэлт гаргасан бөгөөд яллах дүгнэлтийг шүүх хоёрдугаар сарын 19-нд зарлах тов гарсан.

Өчигдөр шүүх хурлын дараа Хан Дук Суг баривчлан Сөүл хотын өмнөд хэсэгт оршдог Уйван дахь Сөүлийн Цагдан Хорих Төв рүү шилжүүлсэн байна. Энд ерөнхийлөгч асан Юн Сүк Ёл өнгөрсөн оны долдугаар сараас хойш хоригдож байгаа юм.

 

Эх сурвалж: Yonhap News