2011 оны Фүкүшимагийн гамшгийн дараа зогсоогоод байсан дэлхийн хамгийн том цөмийн цахилгаан станцаа Япон улс өчигдрөөс дахин ажиллуулж эхэлжээ.
Нийгата мужид оршдог Кашивазаки-Карива станц өчигдөр орой орон нутгийн цагаар 19:02 цагаас ажиллаж эхэлснийг Tokyo Electric Power (TEPCO) компанийн төлөөлөгч Тацүя Матоба мэдээлсэн байна.
Цөмийн эрчим хүчийг дахин ашиглаж эхлэх асуудал дээр олон нийт хуваагдмал байр суурьтай байсан ч Нийгата мужийн эрх баригчид өнгөрсөн сард станцыг дахин ажиллуулж эхлэх эцсийн шийдвэрийг гаргасан юм.
Мягмар гарагт өндөр настнууд голдуу цөөн тооны иргэн станцын үүдэн дээр эсэргүүцлийн цуглаан зохион байгуулжээ.
Есдүгээр сард явуулсан санал асуулгад оролцогчдын 60 хувь нь станцыг дахин ажиллуулахыг эсэргүүцэж, 37 хувь нь дэмжиж байсан юм.
Кашивазаки-Карива нь боломжит хүчин чадлынхаа хувьд дэлхийн хамгийн томд тооцогддог ч энэ удаа долоон реакторынх нь зөвхөн нэгийг ажиллуулж эхэлжээ.
2011 оны газар хөдлөлт, цүнамигийн гамшгийн үеэр Фүкүшима цөмийн цахилгаан станцад осол гарч, гурван реактор нь хайлсан юм.
Үүний дараа Японы эрх баригчид цөмийн эрчим хүчийг хязгаарлах бодлого баримталж, олон тооны цахилгаан станцуудаа зогсоож байлаа.
Гэвч байгалийн нөөц багатай Япон улс малтмал түлшнээс хараат байдлаас салах, хүлэмжийн хийн хэмжээг 2050 онд бууруулах зорилтын хүрээнд цөмийн цахилгаан станцуудаа дахин ашиглаж эхэлж байна.
Одоогийн ерөнхий сайд Санае Такаичи үүнийг дэмжиж байгаа.
Фүкүшимагийн гамшгийн дараа унтраагаад байсан 14 реакторыг сэргээсний 13 нь одоогоор идэвхтэй ажиллаж байна.
Тэдгээрийн ихэнх нь Японы баруун болон өмнөд бүс нутагт байрладаг юм.
Кашивазаки-Карива бол TEPCO компанийн хувьд 2011 оноос хойш дахин ажиллуулсан анхны станц нь юм байна.
Тус компани бас осолдсон Фүкүшима Даийчи станцын үйл ажиллагааг хариуцдаг юм.
TEPCO дахин ажиллуулж эхлэхээсээ өмнө станцын аюулгүй байдлыг сайжруулж, цүнамигаас хамгаалах 15 метр өндөр хана босгож, онцгой байдлын үед ажиллах системүүдийг нь өндөрлөг газарт шилжүүлжээ.
Гэсэн хэдий ч орон нутгийн иргэд болзошгүй аюулаас болгоомжилсоор байна.
18,000 хүний аминд хүрсэн 2011 оны гамшгаас өмнө Японы нийт эрчим хүчний гуравны нэгийг цөмийн эх үүсвэр хангадаг байв.
Япон улс нь Хятад, АНУ, Энэтхэг, Оросын дараа дэлхийн тав дахь том хүлэмжийн хий үйлдвэрлэгч бөгөөд импортын түлшнээс ихээхэн хамааралтай байдаг.
2023 оны байдлаар тус улсын эрчим хүчний 70 орчим хувь нүүрс, байгалийн хий, газрын тосоор үйлдвэрлэгдэж байжээ.
Токиогийн эрх баригчид ирэх 15 жилийн хугацаанд үүнийг 30-40 хувьд хүргэхийг зорьж байгаа.
Тиймээс цөмийн болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийг өргөжүүлэхээс өөр аргагүй болоод байна.
Өнгөрсөн оны хоёрдугаар сард Японы засгийн газар 2040 он гэхэд эрчим хүчнийхээ 20 хувийг цөмийн эх үүсгүүрээс гаргадаг болох төлөвлөгөөг баталсан юм.
2023-24 оны санхүүгийн жилд энэ хэмжээ 8.5 хувь байжээ.
Үүнээс гадна тус улс осолдсон Фүкүшимагийн цөмийн станцыг ашиглалтаас бүрэн гаргахад хүндрэлтэй тулгарсаар байгаа бөгөөд энэ төсөл хэдэн арван жил үргэлжлэх төлөвтэй байгаа юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!