Уншиж байна ...

Гринланд арлыг авахад хүч хэрэглэхгүйгээ амласан Трамп оронд нь яаралтай яриа хэлэлцээ эхлүүлэхийг уриалав

С.Мөнхцэцэг, ikon.mn
28 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт Давост үг хэлэхдээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп олон улсын маргааны гол сэдэв болоод буй Гринланд арлын асуудлаар байр сууриа танилцуулжээ.

Тэрбээр Дани улсын харьяанд байдаг энэ газар нутгийг үндэсний аюулгүй байдлын үүднээс АНУ-д амин чухал хэрэгтэй тул ямар нэг аргаар, тэр дундаа хүч хэрэглэн авахад бэлэн байгаагаа өмнө нь олон удаа мэдэгдэж байсан юм.

“Энэхүү аварга том газар нутгийг, энэ аварга том мөсний хэсгийг зөвхөн АНУ хамгаалж чадна. Тийм учраас би Гринланд арлыг АНУ худалдаж авах асуудлаар яаралтай яриа хэлэлцээ эхлүүлэхийг хүсэж байна. Та (Дани улс) тийм гэж хэлж болно, бид ингэвэл маш их талархах болно. Эсвэл үгүй гэж хэлж ч болно, бид үүнийг чинь санаж явах болно. Хүчирхэг, аюулгүй Америк гэдэг нь хүчирхэг НАТО гэсэн үг” гэж Трамп дэлхийн олон орны удирдагчид, бизнесмэнүүд, судлаачид цугларсан танхимд үг хэлэхдээ мэдэгджээ.

Гэхдээ Трамп уг арлыг АНУ-д нэгтгэхдээ хүч хэрэглэх хувилбарыг үгүйсгэсэн юм.

“Намайг хүч хэрэглэх шийдвэр гаргахгүй л бол бид юуг ч авч чадахгүй байж магадгүй. Биднийг зогсоох боломжгүй, гэхдээ бид тэгэхгүй. Би хүч хэрэглэхгүй. Би хүч хэрэглэхийг хүсэхгүй. Надад хүч хэрэглэх хэрэг байхгүй” гэж тэр хэлжээ.

Трамп өчигдөр Давост үг хэлэхдээ хоёр цаг хүлээлгэсэн нь түүний нисэх онгоцонд цахилгааны асуудал гарсны улмаас замаасаа Вашингтон руу буцаж, онгоцоо сольсонтой холбоотой байв.

Түүнийг ирэхээс өмнө хэлсэн үгэндээ Европ, Канадын удирдагчид Гринландын маргаан зөрчлөөс болоод АНУ-ын тэргүүлсэн дэлхийн дэг журам эвдэгдэхэд хүрээд байгааг анхааруулж байлаа.

Өчигдөр үг хэлсэн НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рутте бас Гринландыг авах Трампын сүрдүүлэг тус байгууллагын оршин тогтнолд заналхийлж байгааг мэдэгдэж, үүнийг зохицуулахад “болгоомжтой дипломат үйл ажиллагаа” хэрэгтэй байгааг онцолж байв.

Гэхдээ Трамп үг хэлэхдээ НАТО-гийн ирээдүйд эргэлзэж байгаагаа нуугаагүй бөгөөд тус байгууллага АНУ-тай “шударга бус” харилцдаг хэмээн шүүмжилсэн юм.

Мягмар гарагт Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон хэлсэн үгэндээ Гринланд аралд НАТО цэргийн сургуулилалт зохион байгуулахыг уриалж, үүнд хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа мэдэгджээ.

Тэрбээр “Европыг захирах” АНУ-ын оролдлогыг шүүмжилж, Гринландын маргааны улмаас Европын холбоотнуудаа импортын татвараар шийтгэх Трампын шийдвэрийг “хүлээн зөвшөөрөхгүй” гэж анхааруулсан юм.

Трампын энэ сүрдүүлгийн эсрэг Европын Холбоо ижил төстэй хариу арга хэмжээ авахаар болоод байгаа.

Өнөөдөр буюу Пүрэв гарагт Давосын индэр дээрээс Трамп өөрийн санаачилсан олон улсын асуудлыг зохицуулах “Энх Тайвны Зөвлөл” гэгч байгууллагын дүрмийг танилцуулах төлөвтэй байна.

 

Эх сурвалж: AFP