Уншиж байна ...

Хөлбөмбөгийн од асан Дэвид Бекхэмийн гэр бүлийн зөрчил маргаан олон нийтэд ил болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Английн хөлбөмбөгийн од асан Дэвид Бекхэмийн хүү Брүүклиний гэр бүлийнхэндээ гомдоллосон мэдэгдэл дэлхийн хэвлэлийн мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд ороод байна.

26 настай Брүүклин өөрийн Инстаграм хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ хөлбөмбөгчин асан аав болон дуучин, загвар зохион бүтээгч ээж Викториа Бекхэм нарынхаа зохисгүй ааш авирын талаар бичсэн байв.

Тухайлбал эцэг эх нь тэдний гэр бүлийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй бүх зүйлсийг хянадаг, эхнэр Никола Пелц Бекхэмийг нь салгахыг оролддог талаар Брүүклин бичжээ.

“Би гэр бүлтэйгээ эвлэрэхийг хүсэхгүй байна. Би тэдний хяналтад баймааргүй байна. Би амьдралдаа анх удаа өөрийнхөө төлөө зогсож байна” гэж тэр мэдэгдэлдээ бичсэн юм.

зураг
 

“Миний амьдралын туршид эцэг эх маань манай гэр бүлийн тухай гадуур цацагдаж буй бүх мэдээллийг хянаж ирсэн. Сошиал сувгаар гардаг жүжиглэлттэй бичлэгүүд, гэр бүлийн арга хэмжээнүүд, худлаа харилцаа бол миний амьдралын нэг хэсэг байсаар ирсэн. Саяхан би тэдний өөрсдийн нэр төрийг хамгаалахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тоо томшгүй олон худал мэдээлэл тараахыг, ингэхдээ ихэвчлэн гэм зэмгүй хүмүүсийг ашиглаж байгааг харсан. Гэвч үнэн үргэлж ялна гэдэгт би итгэдэг” гэж Брүүклин цааш нь бичжээ.

Тэрбээр 2022 онд Америкийн тэрбумтан бизнесмэн Нелсон Пелц, загвар өмсөгч асан Клаудиа Хеффнер Пелц нарын охин Николатай гэрлэж байв.

Брүүклин нь Бекхэмийн ууган хүү бөгөөд Круз, Ромео гэдэг хоёр эрэгтэй дүү, Харпер гэдэг нэг охин дүүтэй юм.

Өчигдөр CNBC сувгийн “Squawk Box” нэвтрүүлэгт Дэвид Бекхэм оролцохдоо гэр бүлд нь гарсан асуудлыг шууд хөндөөгүй ч хүүхдүүд болон сошиал хэрэглээний аюул заналын талаар ярьсан байна.

“Би өөрийн платформ болон дагагчдаа ЮНИСЕФ-д ашиглаж чадсан бөгөөд энэ нь дэлхий даяар хүүхдүүдэд юу тохиолдож байгааг хүмүүст мэдээлэх хамгийн том хэрэгсэл болсон. Би үүнийг бас хүүхдүүддээ боловсрол олгоход ашиглахыг хичээсэн. Тэд алдаа гаргадаг. Хүүхдүүд алдах нь байх л зүйл. Ингэж байж тэд ойлгодог. Би өөрийн хүүхдүүдэд ийм аргаар заахыг хичээж байна. Гэвч заримдаа тэдэнд алдаа гаргахыг нь зөвшөөрөх хэрэгтэй байдаг” гэж тэр хэлжээ.

Брүүклин мэдэгдэлдээ өөрийнх нь хурим дээр эцэг эхийнхээ гаргасан ааш авирын талаар тухайлан бичсэн байв.

“Эцэг эх маань хуримын өдрөөс хойш бидний харилцааг сүйтгэхийг эцэс төгсгөлгүй оролдож байгаа нь одоо ч зогсоогүй. Ээж маань Николагийн өмсөхийг тэсэн ядан хүлээж байсан даашинзыг хийхээ хуримаас 11 цагийн өмнө гэнэт больсон. Үүнээс болоод бид өөр даашинз яаралтай олох хэрэгтэй болж байв. Хуримаас хэдэн долоо хоногийн өмнөөс эцэг эх маань миний нэрийн эрхийг авахын тулд удаа дараа дарамталж, элдвээр оролдож байсан. Энэ бол надад болон миний эхнэрт, ирээдүйн хүүхдүүдэд маань нөлөөлөх зүйл байлаа. Хуримын төлөвлөлтийн үеэр би өөрийн асрагч Сандраг, Никола бас өөрийн асрагчийг ширээндээ суулгахаар хуваарилахад ээж маань уурлаж, намайг элдэв муухай үгээр хэлж байсан. Асрагч нарын хэн хэн нь нөхөргүй байсан тул тэр ингэсэн” гэж бичжээ.

Брүүклин мэдэгдэлдээ цааш нь “Би өөрийнхөө төлөө болон гэр бүлийнхээ төлөө зогсож эхэлсэн цагаас хойш эцэг эх маань хувийн болон олон нийтийн сувгаар бидэн рүү тасралтгүй дайрч байгаа. Миний дүү нар хүртэл сошиал сувгаар над руу дайрч, эцэст нь өнгөрсөн зун намайг блоколцгоосон” гэсэн юм.

Хурим дээр Николатай хийсэн анхны бүжгийг ээж нь зохисгүй бүжгээрээ сарниулж сүйтгэсэн тухай, үүнийг “амьдралдаа хэзээ ч үзээгүй доромжлол” байсныг тэр бас бичжээ.

Мөн Дэвид Бекхэмийн 50 насны ойн арга хэмжээнд Николаг уриагүй нь түүний хувьд маш хүнд байсныг дурссан байна.

“Манай гэр бүлийнхэн олон нийтийн сурталчилгаа, нэр хүндээ бүхнээс дээгүүр тавьдаг. Бекхэм гэсэн брэнд хамгийн чухал зүйл байдаг. Сошиал хуудсандаа хэр олон зүйл нийтэлж байгаа,  гэр бүлийн зураг авхуулахын тулд хэрхэн бүх зүйлийг орхиж, золиослох чадвар нь энэ гэр бүлд хайрлагдах гол хүчин зүйл болдог. Намайг эхнэрийнхээ гарт орсон гэдэг яриа бол огт худлаа. Би амьдралынхаа ихэнх хугацаанд зөвхөн эцэг эхийнхээ хяналтад байсаар ирсэн. Би маш их айдас түгшүүртэй өссөн. Гэр бүлээсээ холдсоноос хойш энэ түгшүүр анх удаа алга болсон. Би өглөө бүр сэрэхдээ сонгосон амьдралдаа талархаж, амар амгалан, тайвшралыг олдог. Эхнэр бид хоёр амьдралаа хоосон хэлбэр, хэвлэл мэдээлэл, хууран мэхлэлтээр эвдмээргүй байна. Бидний хүсэж буй зүйл бол бидний болон ирээдүйн гэр бүлийн маань амар амгалан, нууцлаг, аз жаргалтай амьдрал юм” гэж Брүүклин мэдэгдлээ өндөрлөжээ.

Тэрбээр өмнө нь гэрэл зураг болон хоолны чиглэлээр ажиллаж, 2017 онд “What I see” нэртэй гэрэл зургийн ном гаргаж, 2024 онд “Cloud23” нэртэй халуун сүмсний брэнд гаргаж байв.

 

Эх сурвалж: The Guardian