Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун саяхан аж үйлдвэрийн шинэчлэлийн төсөлд алдаа гаргасан засгийн газрын шадар сайдаа албан тушаалаас нь огцруулжээ.
Үүнийг ажиглагчид тус улсын эрх баригч намын томоохон хурлын өмнө албан тушаалтнуудын сахилга батыг чангатгаж, гүйцэтгэлийг нь сайжруулах зорилготой алхам гэж үзэж байна.
Удахгүй болох Хөдөлмөрчдийн Намын их хурал нь таван жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг улс төрийн томоохон арга хэмжээ юм.
Өчигдөр Солонгосын Төв Мэдээний Агентлаг тус улсын зүүн хойд бүсийн Рёнсоны Машины Үйлдвэрийг шинэчлэх ажилд “шаардлагагүй саад учруулсан” шадар сайд Ян Сүн Хог удирдагч нь шүүмжилсэн тухай мэдээлжээ.
Даваа гарагт тус үйлдвэрт зочлох үеэрээ Ким Жон Ун албан тушаалтнуудын хариуцлагагүй байдлын улмаас “эдийн засгийн багагүй хохирол” учирсныг анхааруулсан байна.
Мэдээнд өгүүлснээр өнгөрсөн арванхоёрдугаар сард Ким Жон Ун шадар сайдын гүйцэтгэлийг анх шүүмжилж байсан бөгөөд тэр үеэс хойш Ян Сүн Хогийн ажлыг анхааралдаа аваад байсан гэнэ.
“Энгийн үгээр хэлбэл тэр үхэр тэргэнд хөллөсөн ямаа шиг байсан. Бид түүнийг боловсон хүчний томилгооны практикт гарсан санамсаргүй алдаа гэж үзэх ёстой. Үхэр тэрэг чирэх хүчийг ямаанаас шаардаж болох уу?” гэж Ким Жон Ун энэ үеэр хэлжээ.
Албан тушаалтнуудыг олны өмнө зэмлэх, ажлаас халах нь түүний удирдлагын танигдсан арга барил юм.
Гэхдээ ажиглагчид Умард Солонгосын дэглэм хомс хүч нөөцөө зэр зэвсгийн үйлдвэрлэлд хэт төвлөрүүлсэн нь Ян мэтийн албан тушаалтнуудын гүйцэтгэлд нөлөөлсөн байх магадлалтай гэж үзэж байна.
“Ким Жон Ун цөмийн болон пуужингийн хөтөлбөрт бүхнээ зориулснаас эдийн засгаа удирдаж чадахгүй байгаа. Тэр зүгээр л өөрийн бурууг бусдад тохож байна” гэж Сөүлд төвтэй Үндэсний Судалгааны Хүрээлэнгийн мэргэжилтэн Мүн Сон Мук тайлбарлажээ.
Умард Солонгосын эдийн засаг цар тахлын үеэр томоохон уналтад орсон. Үүнээс сэргэхэд нь зэр зэвсгийн хөтөлбөрт хэт их хүч нөөц, хөрөнгө мөнгө зарцуулж байгаа нь саад болж байгаа.
Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээлснээр Умард Солонгосын эрх баригч намын их хурал нэг, эсвэл хоёрдугаар сард зохион байгуулагдах төлөвтэй байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!