Даваа гарагийн өглөө хакерууд Ираны төв телевизийн сувгийн хиймэл дагуулын дамжуулалтыг тасалдуулж, тус улсын гадаадад цөлөгдсөн угсаа залгамжлах хунтайжийн видео мэдэгдлийг цацаж чаджээ.
Уг мэдэгдэл нь “ард түмэн рүү зэвсгээ чиглүүлэхгүй” байхыг Тегераны дэглэмийн хүчний байгууллагуудын албан хаагчдад уриалсан утгатай байсан байна.
Арванхоёрдугаар сарын 28-наас эхлэн Иран даяар үргэлжилж буй засгийн газрын эсрэг жагсаал тэмцлийн үеэр нийт 3,919 хүн амиа алдсаныг өчигдөр хүний эрхийн байгууллагууд мэдээлсэн юм.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэрвээ тайван жагсагчдын амийг хөнөөвөл, бас баривчлагдсан улс төрийн хоригдлуудыг цаазалбал Ираны асуудалд хөндлөнгөөс оролцохоо анхааруулаад байгаа.
Өмнөд Хятадын тэнгист байрлаж байсан “USS Abraham Lincoln” нисэх онгоц тээвэрлэгч хөлөг өмнөх шөнө нь Сингапурыг өнгөрч, Малаккын хоолойд нэвтэрсэн гэх мэдээлэл ирж байна. Уг байлдааны хөлгийн хүрэх газар Ойрх Дорнод байж магадгүй юм.
Түүнтэй хамт “USS Frank E.Peterson”, “USS Michael Murthy”, “USS Spruance” зэрэг бусад байлдааны хөлгүүд Маллакын хоолойгоор гарсан нь далайн тээврийн мэдээллийн сангаас харагдаж байна.
1979 оны Исламын хувьсгалын дараа гадаадад дүрвэсэн шахын хүү, угсаа залгамжлах хунтайж Реза Пахлави одоо АНУ-д амьдардаг.
Хакерууд түүний хоёр хэсэг мэдэгдлийг Ираны төв телевизийн сувгаар цацжээ.
Ираны төв телевизийн албаны эх сурвалж “улсын зарим бүс нутагт дамжуулалтыг үл мэдэгдэх эх үүсвэр тасалдуулсан тохиолдол гарсан” гэж ярьсныг Fars агентлаг мэдээлсэн байна.
Ингэхдээ цацагдсан дүрс бичлэгийн агуулга юу байсан талаар дурдаагүй юм.
“Би цэрэг армийнханд тусгайлан анхааруулж байна. Та нар бол Исламын Бүгд Найрамдах Улсын арми биш, Ираны үндэсний арми. Та нар өөрсдийнхөө амь насыг хамгаалах үүрэгтэй. Та нарт цаг хугацаа бага үлдсэн. Аль болох хурдан ард түмэнтэйгээ нэгдээрэй” гэж Реза Пахлави мэдэгдэлдээ хэлжээ.
Пахлавийн эцэг Шах Мохаммад Реза Пахлави 1979 оны Исламын хувьсгалын өмнөхөн Иранаас дүрвэж байсан юм.
Хэдийгээр энэ удаагийн тэмцлийн үеэр хаант засгийг сэргээх уриалга жагсагчдын дундаас гарч байсан ч Пахлавийн дэмжигчид Иранд хэр олон байгаа нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!