АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп олон улсын харилцааг зохицуулах зорилготой “Энх Тайвны Зөвлөл” гэгч байгууллагыг үүсгэн байгуулж байгаагаа зарласан.
Тэрбээр өөрийн байнга шүүмжилдэг НҮБ-тай өрсөлдөх зорилгоор ийм байгууллагыг байгуулж байгаа бололтой.
Тус байгууллагын гишүүн орнуудыг Трамп өөрийн үзэмжээр сонгож, урих дүрэмтэй байх гэнэ. Гишүүн орнууд нь гурав гурван жилээр томилогдох бөгөөд байнгын статустай болохыг хүсвэл $1 тэрбумаас дээш бэлэн мөнгө хандивлах ёстой ажээ.
Дэлхийн улс орнуудын удирдагчдын түрүүч нь уг байгууллагад гишүүнээр оролцох урилга хүлээж авснаа мэдээлж байгаа.
Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин уг зөвлөлд уригдсаныг Даваа гарагт Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
“Ерөнхийлөгч Путин бас Энх Тайвны Зөвлөлд оролцох урилга хүлээж авсан” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна.
Одоо Москва уг зөвлөлийн гүйцэтгэх үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Вашингтоноос авахаар ажиллаж байгаа гэнэ.
“Энх Тайвны Зөвлөл” байгууллагын эхний ажил Газын зурвасын асуудлыг зохицуулах байх бөгөөд үүнийг хариуцсан дэд зөвлөл байгуулах сурагтай байгаа.
Орос улсын хувьд олон жилийн турш Ойрх Дорнодын гол орнуудтай харилцаагаа тэгш хадгалахыг хичээж байсан.
Гэвч Газын болон Украины дайн эхэлснээс хойш Израильтай харилцаа муудаж, Ирантай илүү ойртох болсон юм.
Нөгөө талаар Өрнөдийн хориг арга хэмжээгээр шийтгүүлсэн Орос улс Персийн булангийн орнуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хичээж байгаа.
Путин өмнө нь Ойрх Дорнодын хямралыг шийдвэрлэх Трампын хүчин чармайлтыг сайшааж байв.
“Олон жил, тэр ч байтугай хэдэн арван жил үргэлжилж буй маш нарийн төвөгтэй зөрчил хямралуудыг шийдвэрлэхийн төлөө тэр маш их зүйл хийж байгаа” гэж Путин өнгөрсөн аравдугаар сард Трампыг магтаж байжээ.
Ойрх Дорнодын нөхцөл байдлын талаар Путин “Хэрвээ бид Дональдын зорьж буй бүх зүйлд хүрч чадвал энэ нь түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болно” гэж хэлж байв.
Эсрэгээрээ Израил улсын Газын зурваст явуулж буй дайныг Кремль удаа дараа шүүмжилж байлаа.
“Газын зурвас бүрэн утгаараа хүмүүнлэгийн гамшигт нэрвэгдэж байна. Палестины ард түмний найз нөхрийн хувьд Орос улс байнга тусалж дэмжихийг хичээх болно” гэж тэр өнгөрсөн оны тавдугаар сард Палестины удирдагч Махмуд Аббастай уулзах үеэрээ хэлж байжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!