АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп олон улсын харилцааг зохицуулах зорилготой Энх Тайвны Зөвлөл гэгчийг үүсгэн байгуулж, уг зөвлөлд байнгын гишүүний суудал авах хүсэлтэй улс орнуудаас $1 тэрбумыг нэхэхээр төлөвлөж байгааг эх сурвалж мэдээлжээ.
Уг зөвлөлийн анхны ерөнхийлөгчөөр Дональд Трамп ажиллаж, аль улсыг гишүүнээр урихаа шийдэхийг дүрмийн төсөлд нь тусгасан байна.
Зөвлөлийн шийдвэрийг гишүүн орнуудын олонхын саналаар гаргах ч ерөнхийлөгч эцэслэн баталдаг байх гэнэ.
“Гишүүн улс бүр энэхүү дүрмийг хүчин төгөлдөр болсноос хойш гурван жилээс хэтрэхгүй хугацаанд ажиллах бөгөөд ерөнхийлөгчийн шийдвэрээр хугацааг сунгаж болно. Дүрэм хүчин төгөлдөр болсноос хойш эхний нэг жилийн дотор Энх Тайвны Зөвлөлд $1 тэрбумаас дээш мөнгө төлсөн хөрөнгө оруулагч гишүүн улсад гурван жилийн хязгаар хамаарахгүй” гэж дүрмийн төсөлд заасныг эх сурвалжууд мэдээлжээ.
Трамп энэ үйлдлээрээ өөрийн байнга шүүмжилж ирсэн НҮБ-ын өрсөлдөгчийг бий болгох санаатай байгааг ажиглагчид шүүмжилж, бас санаа зовж байна.
Дүрэмд уг зөвлөлийг “мөргөлдөөнд нэрвэгдсэн, эсвэл аюул заналхийлэлд ойр буй бүс нутагт тогтвортой байдлыг дэмжих, хууль ёсны засаглалыг сэргээх, урт хугацааны энх тайван байдал тогтоохыг эрмэлздэг олон улсын байгууллага” гэж тодорхойлжээ.
Дүрмийг гурван гишүүн улс санал нэгтэй дэмжсэний дараа хүчин төгөлдөр болох юм байна.
Трамп эхний ээлжид уг зөвлөлийн харьяанд Газын Гүйцэтгэх Зөвлөлийг байгуулж, гишүүнээр нь ажиллах саналыг Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей, Канадын ерөнхий сайд Марк Карни нарт тавьсан гэлцэж байна.
Гэвч энэ төлөвлөгөөг Газын зурвасын асуудалд хамгийн их оролцоотой тал болох Израил улсын ерөнхий сайд Бенжамин Нетаньяху эсэргүүцжээ.
“Энх Тайвны Зөвлөлийн дор байгуулагдах Газын Гүйцэтгэх Зөвлөлийн асуудлыг Израил улстай ярилцаагүй бөгөөд тус улсын бодлоготой зөрчилдөж байна. Энэ талаар АНУ-ын төрийн нарийн бичгийн даргатай холбогдох даалгаврыг ерөнхий сайд гадаад хэргийн сайддаа өгсөн” гэж Израилийн засгийн газрын мэдэгдэлд өгүүлсэн байна.
Асуудалд ойр эх сурвалжийн мэдээлснээр Европын хэд хэдэн улс Трампын зөвлөлд уригдсан гэнэ.
Турк улсыг зөвлөлийн үүсгэн байгуулагчаар урьсан тухай ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганы хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.
Египетийн гадаад хэргийн яам бас тус улсын ерөнхийлөгч Абдел Фаттах аль-Сисийг урьсан бөгөөд одоо зөвлөлийн дүрмийн төслийг судалж байгаагаа мэдээлжээ.
Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей урилгын гэрэл зургийг сошиал хуудсандаа нийтлээд энэхүү санаачилгад оролцох болсноо “нэр төрийн хэрэг юм” гэж бичсэн байна.
Гэвч зарим улс орнууд Трампын санаачилгыг хамтран эсэргүүцэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл ирж байна.
Баасан гарагт Цагаан ордон уг зөвлөлийн эхний гүйцэтгэх багт төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Ойрх Дорнодыг хариуцсан тусгай элч Стив Виткофф, Трампын хүргэн Жаред Кушнер, Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйр нарыг томилж буйг зарлажээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!