Уншиж байна ...

Чеченийн удирдагч Кадыровын хүү зам тээврийн осолд орж, хүнд бэртсэнийг эх сурвалжууд мэдээлж байна

Т.Давааням, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Чеченийн Бүгд Найрамдах Улсын тэргүүн Рамзан Кадыровын 18 настай хүү өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт нийслэл Грозный хотод зам тээврийн осолд орж, хүнд бэртсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Тухайн өдөр Грозный дахь Чеченийн хамгийн том эмнэлэгт Адам Кадыров хэвтсэнтэй холбогдуулан ойр орчмын замуудыг нь хаажээ.

“Түүнийг эрчимт эмчилгээний тасагт ухаангүй байгаа гэлцэж байна. Кадыровын хүүд юу тохиолдсон талаар бидэнд тодорхой мэдээлэл алга. Адамыг хэвтүүлсэнтэй холбогдуулан замуудыг хаасан” гэж нэг эх сурвалж мэдээлсэн байна.

Өөр нэг эх сурвалж Адам ухаан орсны дараа Москва руу нисгэх онгоц бэлдэж байгаа тухай мэдээлжээ.

Чеченийн сөрөг хүчний эх сурвалж Адамын автомашины цуваа маш хурдтай зорчиж байгаад зам дээр гэнэтийн саадтай тулгарч, ар араасаа мөргөлдсөн гэсэн байна.

Энэ үеэр нийт 20 орчим хүн ноцтой бэртэж, нэг хүн газар дээрээ нас барсан гэнэ.

Гэхдээ нас барсан хүн Адам Кадыровын цуваанд явсан хүмүүсийн нэг, эсвэл мөргүүлсэн автомашины жолооч байсан эсэх нь тодорхойгүй байгааг эх сурвалж мэдээлжээ.

Гадаадад хэвлэгддэг Новая Газета Европ сонинд мэдээлснээр цувааны тэргүүнд явсан автомашины жолооч улаан гэрлийг үл хайхран уулзвараар нэвтэрсний улмаас уг осол гарсан гэнэ.

Рамзан Кадыровын олон хүүхдүүдийн нэг Адам сүүлийн жилүүдэд олны анхаарлын төвд орох болсон.

Түүнийг Украины дайнд оролцож гавьяа байгуулсан, спортын болон цэргийн уралдаан тэмцээнүүдэд гарамгай амжилт үзүүлсэн талаар мэдээ Чеченийн хэвлэлүүдээр байнга гарч байгаа.

Адам 15 настайдаа Коран судар шатаасан хэргээр баривчлагдсан Оросын тэрс үзэлтэн Никита Журавелыг шоронд зодож буйг харуулсан дүрс бичлэгээрээ анх алдаршиж байв.

Энэ үйлдлийнхээ төлөө тэр Чеченийн Баатар цолоор шагнуулснаас гадна ОХУ-ын муслим хүн амтай хэд хэдэн бүс нутгийн шагналыг бас хүртсэн юм.

2025 оны дөрөвдүгээр сард Кадыров хүүгээ Чеченийн аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилж байв. Эндээс Адамыг залгамжлагчаараа бэлдэж байж болзошгүй гэсэн яриа гарах болсон.

Кадыровын эрүүл мэндтэй холбоотой цуурхал энэ яриаг улам үнэмшилтэй болгож байлаа.

Өнгөрсөн оны сүүлээр Адам 17 настайдаа олон нийтээс нууцалсан газарт хуримаа хийж байжээ. Хуримын дараа Кадыров хүүд нь баяр хүргэсэн ерөнхийлөгч Путинд сошиал хуудсаараа дамжуулан талархал илэрхийлж байсан юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe