Самсунг Группийн ерөнхийлөгч агсан И Күн Хигийн гэр бүл Самсунг Электроникс компанийнхаа 2.85 их наяд воны ($1.92 тэрбум) үнэлгээтэй хувьцааг зарахаар төлөвлөж буйг Өмнөд Солонгосын үнэт цаасны зохицуулах байгууллагыг Ням гарагт нийтэлсэн бичиг баримт харуулжээ.
Энэ нь өв залгамжлалын татвараа төлөх зорилготой арилжаа юм байна.
Дээрх баримтад дурдсанаар талийгаач ерөнхийлөгчийн бэлэвсэн гэргий Хон Ра Хи нэгдүгээр сарын 9-ний өдөр Самсунг Электрониксийн 15 сая ширхэг хувьцааг Шинхан банкаар дамжуулан зарах гэрээнд гарын үсэг зуржээ.
Уг гэрээ байгуулагдсан өдрийн арилжааны хаалтын үеэр Самсунгийн нэгж хувьцааны ханш 139,000 вон байсан байна. Үүн дээр үндэслэн тооцоолоход арилжааны нийт дүн 2.85 их наяд вон болж байгаа юм.
И Күн Хи 2020 оны аравдугаар сард нас барж байв. Түүний гэр бүлдээ өвлүүлсэн нийт хөрөнгийн татварын хэмжээ 12 их наяд вон болж байгаа.
Өв залгамжлагчид 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн таван жилийн дотор уг татварыг шат дараатай төлөх төлөвлөгөө гаргасан юм. Энэ төлөвлөгөө ёсоор татварын сүүлчийн хэсгийг дөрөвдүгээр сард төлж барагдуулна.
Өмнөд Солонгосын хуулиар өв залгамжлалын татварын хэмжээ шатлалаасаа хамаараад 10-50 хувь байдаг. Самсунгийн гэр бүлийн хувьд 50 хувийн татвар төлж байгаа юм.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!